Monday, January 16, 2012

2-р бүлэг. Өнөөдөр ямар өдөр юм бэ

- YOU ARE CRAZY ONLY.

Автомат оператор бүсгүйн хоолой Этэрналыг бодолд оруулав.

Зөвхөн нэг чиглэлийн үйлчилгээтэй дугаар юм биз дээ. Ийм дугаартай болох ч амаргүй дээ, ингэхэд хэн надад захиалга өгсөн юм бол? Энэ "чинийх" гэж бас хэн юм бол оо. Зүгээр нэг захианы эзнийг ингэж хайх хэрэг байсан ч юм уу. Нүднийх нь буланд өнөөх захидал өнчин ганцаар орхигдсон юм шиг ширээн дээр хэвтэх нь өртөв. Хэрвээ халаасанд нь байгаа боодол хорин мянгатын дэвсгэртийг эс тооцвол түүнд байгаа цорын ганц сэжүүр. Захианы эзэн "чинийх", захиалагч бүсгүй хоёрыг хоёуланг нь хаанахын хэн гэдгийг нь Этэрнал мэдэхгүй. Тэгсэн атал хоёуланг нь холбож уулзуулж учруулах ёстой байдаг...

Этэрнал нээрээ утасныхаа дуудлагыг шалгачихаад мессэжүүдээ уншаагүй гэнэт санаад мессэжүүдээ шалгав. Захиалагч бүсгүйн нэг мессэж, бас түүний танил дугаараас нэг мессэж ирсэн байв:

"Sain u, sain. Yu bna. Irj yum uuh uu. Mani chini dailya. Dargatai hamt uugaadhaach tsaadah chini uurtai baina."

"Дахиад л" гэж Этэрнал бодов. Обра (Obra) ажлаа тасдаж хэд хоног алга болчихоод нэг ирэхээрээ даргаа аргадах гэж Этэрналыг даргатайгаа хамт архидуулдаг билээ. "Ерөөсөө Обра дээр очиж ууя".

-- Хөөе Кокоро шөл юу болж байна? Обра дээр очиж Обрагийн гарын коктейлийг ууна гэхээс шөл уусан ч яалаа байса ч яалаа гэж бодогдоод болсонгүй.

Обра бол коктейлчин бүсгүй юм. Түүний өөрийнх нь найруулсан коктейлийг гараас нь авч уух цаанаа л өөр амттай байдаг хэмээн ууж үзсэн бүхэн шагшин хэлэлцдэг аж. Обраг байхад тэдний ресторанаар орсон гарсан болгон сэтгэл хангалуун байдаг учраас рестораны эзэн ч Обрагаар бахархдаг, түүнийг өөрийнхөөр нь байлгадаг байв.

Гэвч! Гэвч Обра бүсгүй үе үехэн хэл чимээгүй алга болно, ингэхдээ гол төлөв 2 хоног, заримдаа бүүр 4-5 хоног болдог байв. Хэдий рестораны эзэн үүнд нь дургүйцэвч Обраг халчихсаныг мэдэх юм бол үүгээр шагайх хүсэлтэй хүн төдий л олон байхгүй гэдгийг мэдэх үүднээс тэгэж зүрхлэхгүй ажээ. Тэдний ихэнх үйлчлүүлэгч Обрагийн гараас коктейл гардан авч шимэн суухаас өөрийг хүсэлгүй үүгээр орж ирдэг учраас Обраг үгүй өдрүүдэд рестораны орлого гэхээр юм бараг ордоггүй байв.

-- Шөл ч яахав одоохон буцлах байх. Чи чинь харин ямар аятайхан адал явдал ярих гээд байлаа? гэж Кокоро гал тогооноос гараа арчсаар орж ирэв. Одоо мань Этэрналд элдэв янзын түүх зохиож ярих хэрэг байхгүй болжээ.

-- За тэр ч яахав нээх олигтой юм байгаагүй юм. Харин чи энийг хардаа. Саяны ирсэн хүүхэн зөвхөн энэ нэг захиаг үлдээчихээд өөрөө зугатчихлаа. Тэгснээс өөрийгөө энэ захианы эзэнтэй холбуулах юм байх аа. Төлбөрийнхөө урьдчилгаагаа ч төлөөгүй байж шүү!

-- Тэгээд? Кокоро Этэрналын сарвайсан захиаг аваад уншиж үзэв.

-- Гэхдээ би яахав өөрөө шударга үнэнч болохоор ч тэр үү бусдын үнэнч шударгад мөн итгээд тэр бүсгүйг төлбөрөө дараа нь төлчихнө гэж бодон энэ захиалга дээр ажиллана гэж бодож байгаа. Ёстой сонирхолтой байгаа биз дээ. Хэнийг нь ч мэдэхгүй хоёр хүнийг хооронд нь холбоно гээд бод доо!

Кокоро өөрийгөө гайхав. Этэрналыг ийм ч сайн мэддэг болчих гэж! Этэрнал заль гаргаад байгааг тэр андахаа байжээ. Энэ Этэрнал яг яах гээд л байна аа даа?

-- Тэгээд чи тэд нарыг яаж олж холбох юм. Чамд тэгээд үнэхээр төлбөр төлөөгүй юм уу, чи чинь үргэлж урьдчилгаа мөнгө авж байж хөдөлнө гээд байдаг биз дээ.

-- Яаж гэсэн үү? Яаж гэдгийг нь чи хармаар байгаа бол яах вэ болно. Надтай хамт ажиллаж миний агуу уран арга барилын нууц руу минь өнгийж, үүнийхээ хариуд өрнийхөө тодорхой хэсгийг цайруулж болох л юм. Харин урьдчилгаа мөнгө өгөөгүйн тухайд тэр муу бүдүүлэг хүүхэн (захиалагчаа хэлж байгаа бололтой) миний арга барилд эргэлзээд хэрвээ урьдаар өөрийг нь олж чадах юм бол наад "чинийх" гээд байгаа нөхрийг олж чадах юм байна гэж итгээд урьдчилгаа мөнгө өгнө гэсэн.

-- Тэр чинь нүүр ам, бүх юм аа л далдалчихсан юм байсан биш бил үү. Чи хүүхэн гэдгийг нь яаж мэдсэн юм?

-- Тэ-ээрр! Яг ийм юман дээрээс л ур чадварын зөрүү харагдаад байдаг юм. 1-рт тэр хүүхний хоолойноос нь эмэгтэй байж болох юм гэсэн сэжүүр төрж болно, 2-рт цээжин тус газар нь нэлээд гүдгэр байсныг ажаад энэ сэжүүрээ жаахан лавшруулсан, 3-рт мөн сандал дээр суухдаа, над руу хар шилнийхээ цаанаас харц шидэхдээ ер нь айхтар сээтэгнэж өдсөн байдалтай байсан. Зөвхөн эмэгтэй хүн л эрэгтэй хүний хажууд сандал тэгэж сууж чадна. Бүх эмэгтэйчүүд хүслээ нууж чадалгүй өөрийн мэдэлгүй сээтэгнэсэн үйлдэл хийдэг. Тэрийг нь зөвхөн өндөр мэдрэмжтэй тодорхой цөөхөн эрэгтэй хүн л мэдэрдэг.

-- За тэгээд нөгөө л мэдрэмжээ яриад эхэллээ. Тийм л мэдрэмжтэй юм бол чи яагаад над дээр бүтэлгүйтсэн юм. Тэгээд ч тэр захиалагч чинь цээжиндээ хөхний даруулна зүүгээд, даруулган доороо алим хийчихсэн байсан ч юм бил үү чи яаж мэдэж байгаа юм?

-- Чи ёстой андуурч байна. Би чам дээр бүтэлгүйтээгүй. Чи өөрөө бүтэлгүйтсэн. Чиний захиалгыг зөвшөөрдөг бол миний холбоочны кареер дахь хар толбо байсан. Эрэгтэй хүн цээжиндээ юу ч хийсэн байсан, амьсгалах тоолонгоор нь цээж нь төвхөлзөн хөдлөхгүй. Мэдээж ийнхүү төвхөлзөн хөдөлдөгийг нь торгон мэдрэмжит би мэтийн залуус л мэдэрнэ. За цаана чинь шөл буцлаад байх шиг байна.

Кокоро хариу хэлсэнгүй гал тогоо руу буцлаа. Этэрнал өөрийг нь улайм цайм хуураад байхад хүртэл түүнийг нь нотлон хэлчихэж чаддаггүйд нь өөрийгөө болон Этэрналыг гайхна. Сая гэхэд Этэрнал түүнээс ямар нэгэн юм нуугаад байгааг мэдсэн боловч яг юу гэдгийг нь хэлүүлж чадсангүй нөгөө л улигт "Этэрнал бол мэдрэмжит эр" гэсэн сэдэв рүү хальтран орчихсон тул хариу хэлсэнгүй.

Этэрнал энэ хооронд бүрэн хувцаслаад гал тогоо орж Кокорогийн аягалсан шөлийг уух зуураа Кокорог аргадах санаатай яриа өдөв.

-- Хоолны тал дээр ч чи мэдрэмжтэй шүү. Гэхдээ коктейлний тухайд чинь би эргэлзэж байна. (Кокоро хариу дуугарсангүй)

-- Би Обра дээр очлоо. Чи очиж байсан бил үү? Яагаав нөгөө ганц эмэгтэй найз маань гээд яриад байдаг. Чи завтай юу, 2-уулаа тийшээ очъё.

Кокоро өнөөдөр их өөр байгаагаа анзаарав. Тэр бүүр Этэрналтай янз бүрийн юм яриад л далдаганаад баймаар санагдаад байв. Энэ өдөр юугаараа онцгой болоод Кокорогийн сэтгэл ингэж хөдлөөд байна вэ?

-- Обра дээр очиж уудаг чинь чиний агуу уран арга барил уу?

-- Тийм шүү. Обрагийн коктейлийг уухаар ерөөсөө бүх мэдрэмжүүд маань сэргээд хэнийг ч хэнтэй ч хамаагүй холбочихмоор санагдаад ер бусын сайхан байдаг гэх үү дээ.

-- Тэгээд коктейлний мөнгийг хэн төлөх юм? Чи төлнө гэвэл би явъя.

-- Үгүй шүү. Ёстой үгүй. Чи өөрөө төлөөрэй. Эцэст нь гэж хэлэхэд чи миний арга барилыг судлахын тулд л коктейл уухаар явах гэж байгаагаа мартаж болохгүй шүү... За яахав чи ууна, би төлнө, гэхдээ би өрнөөсөө хасч тооцно шүү.

Эцэст нь Кокоро нэг юм зөвшөөрлөө. Тэр хоёр Обра руу очихоор гарлаа.

-- Обра Обра Обра. Хонгорхон Обра минь. Хонгор найз Обра минь. Чамаар юу байна даа. Чи өнөөдөр намайг юугаар дайлмаар байна?

-- Энэ байвал яаж байна?

-- Ммм. Нээрээ дарга чинь хаачсан юм?

-- Хэн мэдэх юм, саяхан л энд байсан даг. Бодвол надад уурласан уураа өөр хүн загнаж гаргаж байгаа биз.

-- Чи яачихсан юм?

-- Би яав л гэж дээ. Хэд хоног ажлаа тасалсанаас цаашгүй.

-- Нээх сүртэй явдал биш шив дээ. Нээрээ би чамтай хүн танилцуулъя. Энэ бол Кокоро. Миний арга барилыг судалж, материал цуглуулж байгаа. Миний талаар сонинд нийтлэл гаргах юм байх аа.

Этэрналын үгнээс Кокоро ичээд дуугарч чадсангүй.

-- Танилцсандаа таатай байна. Танилцсаных гээд энийг чамд. гээд Обра коктейл явуулав. Кокорог аваад амссаных нь дараа

-- Наадах чинь тусгай найрлагатай. 20%-ийн нэмэгдэлтэй үнэтэй шүү. гэж хэлсэн боловч Кокоро сонссонгүй. Учир нь Кокоро түүний коктейлийг амсаад хэсэг зуур шоконд орсон байлаа. Этэрнал Обрагийн коктейлийн талаар худлаа хэлсэнгүй бололтой.

-- Хөөе. Ойлгосон уу, 20%-ийн нэмэгдэлтэй шдээ.

Кокоро сэхээ аваад Обра руу харсан боловч дахиад сөхөөгөө алдан, юу ч сонссонгүй. Цаг хугацаа түр зуур зогссон юм шиг амгалан мэдрэмж түүнийг нөмрөөд авчээ. Сэхээ авсныхаа дараа Кокоро өнөөдөржингөө өөрийнхөө сонин байгааг анзаарав. "Өнөөдөр ямар өдөр юм бэ" гэж бодов. Энэ өдөр Кокорогийн дурлах ёстой өдөр байжээ.

2011 оны 5-р сарын 28
Бараг үд болж байхад Этэрнал сэрэв. Нэг л юманд санаа зовоод болдоггүй. Сонин юм даа, юу болчихсон юм бол? Түүний торгон мэдрэмж өөрийг нь хуурсангүй. Тэр өнөөх цорын ганц сэжүүр болсон "чинийх"-ийн захиаг алга болгочихсон байв!

Өчигдрийнхөө явдлуудыг нэхэн санав, Обрагийнхруу явж байхад захиа түүнд байсан, Обрад өнөөх захиаг харуулж байсан, ... тэгээд дараа нь захиаг халаасандаа хийсэн. Түүнээс хойш гаргаж аваагүй. Обрагийн дарга ирсэн, коктейлээ болиод архи, виски уусан. Тэгээд арай гэж гэртээ ирсэн, дараа нь буюу саяхан сэрээд халаасаа шалгасан захиа байгаагүй.

Дахиад бодъё... Хачирхалтай юм. Тэр захиаг Обрад үзүүлж байхад Обрагийн харц яагаад өөрчлөгдсөнийг би тэр үед анзаарсангүй вэ. Аан тийм, Обрад захианы үг сэтгэгдэл төрүүлж дээ л гэж бодсон. Одоо бодохлоор арай ч тийм биш байж... Сүүлд Обра "халууцаад байгаа бол наад гадуурхаа тайлчихаач" гээд богино хүрмийг нь тайлуулсан...

Ойлгомжтой! Обра захиаг хулгайлсан байна. Бүүр санаатайгаар шүү. Гэхдээ яах гэж?

No comments:

Post a Comment

Note: Only a member of this blog may post a comment.