Monday, January 9, 2012

1-р бүлэг. Надтай холбоод өгөөч

AM I MYSTERIOUS?

2011 оны 5-р сарын 27. Улаанбаатар хот

Хаалга хүчтэй нүдэх чимээнээр Этэрнал (Eternal) сэрлээ. Новшийн хаалгыг бушуухан онгойлгохоос нааш нүдсээр байна гэдгийг тэр гарцаагүй сайн мэдэж байлаа. Шартсан дотор нь арзаганаж, өндийгөөд аяга ус аваад уучихын дайны ч тэнхээ гарамгүй мэт санагдаж байсан хэдий ч хаалга нүдэгч этгээд нь Кокоро (Kokoro) гарцаагүй мөн, нөгөөтэйгүүр Кокоро л болсон хойно Этэрналыг дотор нь байгааг мэдэхийн дээдээр мэдэж байгаа учраас хаалга онгойтол нүдэх тул дэмий балай уцаарын үг үглэн босохоос өөр арга түүнд үнэхээр байсангүй.

Хаалга онгойлговол Этэрналын бодсончлон үнэхээр Кокоро нүдсэн байлаа. Кокоро орчноо тойруулан харсхийн яаралгүй тайвнаар орж ирэв. Кокорогийн нүдээр өрөө бүр нилдээ эмх замбараагүй байх авч Этэрналын хувьд бүх юм хэвийн байгаа нь тэр аж. Этэрнал эргэж хэвтсэнгүй нь нэгэнт боссоных, дүүрсэн хэрэг бушуухан хэдэн балга ус ууж шингэний дутагдлаа эрт нөхөж авахаар яарсу гэсэн бодлоос болсноос биш Кокорог зочлон ирлээ гэж хальтхан ч атугай бодсоных биш байлаа.

Этэрнал бушуухан 2 аяга хүйтэн ус уучихаад уг нь халууныг уувал шингээж чадалгүй үлдсэн спирт элэг юм уу ходоодны мухарт байвал эрт ууршиж түүнийг арай бага зовоох юмдаа гэж бодох зууртаа, нэмээд нэг аяга сайхан халуун хар шөл байвал мэтийг бодсон боловч тэрхүү сайхан халуун хар шөлөө өөрөө хийх санаа түүнд төрсөнгүй. Тэр даруй Кокорогоос мэнд асуув.

-- За сонин юу байна? Аяга шөл хийж өгөх гэж ирээ юу?

Кокоро өрөөн доторх эмх цэгцгүйг дахин дахин бахдан харах зууртаа тайвнаар:

-- Онц сонинсох юу байхав. Эрт хөөцөлдөх ажил гараад зохицуулчихаад л явж байна. Харих замаараа чам дээр ирж тав тухыг чинь нэг сайн алдуулангаа, надад төлөх өрийг чинь сануулах гэж л ирлээ. Хоолны тухайд ер нь ч би өглөөдөө яараад юм идэлгүй гарчихсан. Яахав чи өрөө яг одоо өгчихдөггүй юм аа гэхэд ойрд тохиолдсон балай паянгуудаасаа дэлгэж санаа сэтгэл хөгжөөвөл өөртөө зориулж тогоо дүүрэн хоол хийчихээд чамд ганц аяга шөл мөлхөн илүүчилж болж л байна.

Хэтэрхий даруухан гэмээр Кокорогоос иймэрхүү түрэмгий үг гарна гэдэг чинь нааштай дотносог байдлын илрэл гэж мэдсэн хашир Этэрнал Кокорогийн өр нэхсэн тухай хэсгийг огт сонсоогүй юм шиг л царайлав.

-- Ээ юу л байгаа аж. Ойрд би захиалга авахгүй байгаа. Авахгүй ч гэждээ угаасаа захиалга орж ирэхгүй үнэн дампуу байна. Өчигдөр байрны эзэн мөнгөө нэхэж орж ирэхээр нь цуг архидаж хугацаагаа сунгасаныг эс тооцвол чамд цухуйлгачихмаар юм ер нь алга л байна... гэж хэлэх зууртаа бодож амжсан Этэрнал ухаан гарган аль болох сэжиг авхуулалгүй:

-- Аа тийм нэг сонирхолтой юмыг мартчихсан байна. Гол нь би өдөртөө шийдчихсэн болохоор мартчих шахаж. гэж хэлсэн Этэрналын сэргэлэн занг мэдэх Кокоро түүнийг аяга шөлний төлөө худлаа залж байгааг нь гадарласан тул "хөөрхий минь сүрхий шартаж дээ" гэж дотроо бодоод итгэсэн царай гарган цаашлуулав:

-- Өө тийм үү. Алив л дээ яриач хөө тэгвэл?

Этэрнал цаг хожих санаатай гал тогоо руугаа дагуулан:

-- Харин тийм шүү ёстой сонирхолтой. Гэхдээ байна аа нэгэнт ярьсных сайхан тухтай яръя. Чи хоолоо хийгээд эхэлчих. Би хоол хийх зуур чинь паянгаа хүүрнэсэн шигээ чамайг зугаацуулаад сууж байя. За гурил тэнд, хөргөгчинд мах байгаа, ногоо гэвэл энд байгаа... гэхчилэн зааж байх зууртаа ээлжит худал яриагаа барагцаалж амжив. Мань хоёрыг тийнхүү бяцхан заль урлалцаж зугаацаж байх зуур хаалга тогших чимээ гарсан тул Этэрнал онгойлгохоор тун дуртай ухасхийж, Кокоро гал тогоонд үлдэв.

"Өөрөө холбоочин Этэрнал уу тээ?" гэсээр хаалга тогшсон хүн орж ирэв. Зочин далбагар хар нарны шил зүүж, хар улаан бүрх малгайг дух хөмсгөө далдлах маягаар духдуулж, судалтай хар улаан алчуур амаа тагласхийн хүзүүгээрээ ороосон ба нэлмэгэр урт хормойтой цув нөмөрсөн байлаа. Зочин бүсгүйг Этэрнал саяхан унтаж байгаад боссон буюу ерөөс гал тогоог эс тооцвол ганц байх тэр өрөөндөө оруулан, нэг явган сандалшуу юм дөхүүлэн өгөөд суулгав. Этэрнал чааваас жижигхэн ч гэсэн бизнес эрхэлж байгаагийн хувьд үйлчлүүлэгчдээ эвгүй сэтгэгдэл төрүүлж байгаагаа мэдэх тул олон дахин хэлж байсан "Та ч яг засвар хийгээд мунгинаж байхад ирлээ дээ, урьдчилж хэлж байгаад ирэхгүй дээ" гэсэн үгийг анх удаа л хэлж байгааг юм шиг хэлж байдлыг бага сага ч атугай өөд нь татав.

Засварын ажилтай гэж хэлсэн ч, мөн л хангалтгүй санагдсан тул хашир Этэрнал бат араанд нь хийхээр шийдэв:
-- Уучлаарай та ямар хэргээр явна, ер нь ингэхэд та урьдчилан цаг авсан уу. Хэлж дуулгаж байгаад хэлсэн бол таныг яалаа гэж ийм салан садгай угтах билээ. Харин бүсгүй:
-- Би өчигдөр таны утас руу зурвас мессеж илгээсэн шүү дээ.

Этэрнал хагас банталтын байдалтай тэр даруй босож өрөөгөө онгичин утсаа арай гэж олвол цэнэг нь дуусаад унтарсан байв. Цэнэглэгч мөн мунгинаж байж олоод, утсандаа залгаж асаавал хэдэн missed call, бас дэлгэцийнх нь дээд буланд мессеж ирсэн гэсэн зурагт тэмдэглэгээ ёлтойж байв. Утас, цэнэглэгчээ аль алийг нь хайж баахан удсан тул бас ч гэж нэрэлхээд утасаа оролдоод суусангүй орхиод зочин руугаа ирэв.

Бүсгүй эмх цэгцгүй өрөөнд нь орсондоо эвгүйцэж дургүйцэж маягласангүй. Нэгэнт ийм өрөөнд орж ирснийх зочны хувиар цай аягалтал азнах мэтийн ёслол хүлээх нь даанч утгагүй явдал тул шуудхан ажил хэрэгтээ орохоор шийдсэн бололтой. Утсаа шалгачихаад ирсэн Этэрналд нь цувныхаа халааснаас дугтуй гаргаж ирээд өгөв. Этэрнал задалж үзэж болохыг асуугаад угаас задархай дугтуйг нээн захиаг гарган уншив:

"хайр мод 2 адилхан. өсөж өндийхөд нь олон жил хэрэгтэй. тиймээс аль болох эртхэнээс үрийг нь тарьцгаая.

бидний хайрын үрийг нь өнөөдөр би тарихаар шийдлээ. би чамд хайртай.

чинийхээс нь"


-- Өө тэгэлгүй яахав. Тэгэхлээр та хэдэн жилийн өмнөөс намайг хайрладаг болсон юм? Цаасны элэгдэл, балны бүдэгрэл зэргээс үзвэл лав л нэг хоёр жилээс наашгүй бололтой тийм үү?

-- Уучлаарай та ойлгосонгүй бололтой... Би тайлбарлая.

-- Үгүй дээ би маш сайн ойлгож байна. Тайлбарлалтгүй. Та үнэхээр их зориг гаргалаа. Надад таалагдаж байна. Одоо ингээд нэгэнт тодорхой болчихсон юм чинь ичиж зовоод яахав дээ. Эхлээд юу ч гэсэн малгай, шилээ тайлчих. Бусдыг нь тайлах гэж одоохондоо яараад яахав.

-- Үгүй ээ та ойлгосонгүй. Энэ захиаг би бичээгүй.

-- Тийм үү. Тэгвэл би буруу ойлгочихож. Уучлаарай. Тэгээд хэн үүнийг бичсэн юм?

-- Би мэдэхгүй.

-- Мэдэхгүй?

-- Тийм. Та мэдээд өгөөч?

-- Ёстой үгүй шүү. Над руу нэргүй захиа бичсэн хулчгар дурлаач болгоныг хайгаад явна ч гэж ёстой байхгүй шүү. Тийм зав ч алга.

-- Та дахиад л буруу ойлгочихлоо. Энэ захиаг тан руу биш над руу бичсэн юм.

-- Хмм. Харин та буруу үг хэрэглээд байна. 1-рт ямар ч "дахиад" байхгүй. 2-рт би буруу ойлгоогүй, та л надад буруу ойлголт төрүүлсэн байна. Тиймээс эхний удаад ч гэсэн би буруу ойлгоогүй. Өөрөөр хэлбэл буюу 3-рт ямар нэг "дахиад" байтугай надад буруу ойлгосон тохиолдол ерөөсөө байгаагүй.

Энэ удаа "захиалга" орж ирсэн болохыг Этэрнал гадарлажээ. Түүнд өр ширээ дарахын тулд аль болох л их мөнгө хэрэгтэй гэж бодсон учраас эхнээсээ ялих ялихгүй иймэрхүү жижиг зүйлүүд дээр "зүй ёсны эгдүүцэл" гарган үүн дээрээ дөрөөлөн эхнээсээ үнэд орох, гуйлгах маягтай болж байгаад үнэ ханш тохирох дээрээ тулангуут буулт хийж байгаа дүр эсгэн "буулт хийснийхээ үнийг" ханшин дээрээ нэмүүлж тооцуулах арга сэджээ.

-- Та энэ захиаг бичиж илгээсэн хүнийг олоод, надтай холбоод өгөөч?

-- Уучлаарай та буруу газраа хандаад байгаа юм биш үү? Манай байгууллага тийм юм хийдэггүй. Тийм биз дээ Кокоро?

Этэрнал энэ удаад мөн л заль гарган ахиухан мөнгө төлүүлэхийн тулд "байгууллага" гэсэн үг хэрэглэн, үүнийгээ үнэмшилтэй болгохын тулд ганцаараа биш гэдгээ мэдүүлэх санаатай Кокорог дууджээ. Хоол хийж байсан Кокоро "яасан гэнээ?" гэсээр ирэв.

-- Энэ бүсгүй биднээр өөрөө мэдэхгүй, бид нар бол бүр ч мэдэхгүй тийм хүнийг хайлгах юм гэнээ. Яахав нөгөөдөх нь нэрээ ч хэлэлгүй нэг захиархуу юм явуулж л дээ зайлуул.

-- Хатагтай. Бид хаана байгаа нь мэдэгдэж байгаа хоёр хүнийг хооронд нь "холбож", хайр сэтгэлийнх нь зууч болох үйлчилгээ л явуулдаг хүмүүс. Тэрнээс биш хэзээ, хэнээс нь ирсэн нь мэдэгдэхгүй нэг захианы эзнийг олох ажил хийдэг хүмүүс бол огт биш. Тийм биз дээ Кокоро?

-- Тийм шүү хатагтай. (Кокоро Этэрналд энэнээс илүү туслах хүсэлгүй байсан тул гал тогооруу эргэж явав)

-- Уучлаарай би дахиад л танд буруу ойлгуулсан байна. Би таны ажил төрлийн талаар мэдэлгүй яахав. Товчхондоо би энэ захиаг илгээсэн хүнтэй "холбогдмоор" байна.

-- Өө тэглээ ч гэсэн нэмэргүй дээ хатагтай минь. Дахиад хэлье! Бид хаана байгаа нь мэдэгдэж байгаа хоёр хүнийг хооронд нь "холбож", хайр сэтгэлийнх нь зууч болох үйлчилгээ л явуулдаг хүмүүс.

-- Би танд хангалттай төлнө.

-- Хангалттай гэнээ? Та намайг хэр зэрэг юманд ханахыг мэдэх хэрэг үү? Та тэгээд хэдээр намайг хангах юм бэ дээ?

-- Та холбоочин болсноосоо хойш олсон нийт орлого чинь хэд вэ?

Чааваас! Бүсгүй Этэрналын эмзэг цэгийг хатгажээ. Үнэндээ Этэрнал холбоочин болсноосоо хойш буюу сүүлийн 4 жилд нийт 11-хэн удаа тохиролцож, захиалга авсан ба өөрөө ч холбоочны үүргээ олигтой гүйцэтгээгүй учраас бүгд бүтэлгүйтэж анх тохиролцсоныхоо дагуу хагас мөнгийг нь буцаан өгөх ёстой байлаа. Даанч Этэрнал дэндүү үрэлгэн бөгөөд захиалгын хөлсөө урьдчилж аваад тэр дор нь үрчихдэг байсан тул энэ нь тийм амаргүй байжээ. Буцаан олгох мөнгөө нэг хүнээс бусдад нь арайхийн төлсөн ба тэр төлөөгүй хүн болох хамгийн сүүлчийн үйлчлүүлэгч нь одоо энэ Кокоро юм.

-- За яахав. "Чинийх"-ийг олоод тантай холбоно, та хангалттай төлнө. Би яг зөв ойлгосон биз?

-- Тэгэлгүй яахав. Төлбөрийнхөө эхний хэсгийг одоо төлчихье. Дараагийн удаад таны хэр ахиснаас шалтгаалан төлнө. Бүсгүй хүрэмнийхээ халааснаас нэг боодол мөнгө гарган ширээн тавьчихаад үүд рүү дөхөв.

Солонгорсон 20000-тын дэвсгэртүүд ширээн дээр байж байлаа. Этэрнал нүдэн багцаагаар тооцоо хийх гэж үзэв. Лав л өдий хэмжээний зузаантай боодолд 10000-тын дэвсгэртүүд дор хаяж 100 ордог. Харин 20000-тын дэвсгэрт 10000-тынхаас нимгэхэн гээд бодохлоор...

Хаалга хаагдах чимээнээр Этэрнал сэхээ оров. Ажилдаа хэрэг болохуйц илүү мэдээлэл бүсгүйгээс авах хэрэгтэй байлаа. Мөнгөө тэр даруй халааслаад, араас нь гарах гэлээ. Гэвч хаалга онгойсонгүй. Этэрнал гайхаад түгжээг нь нягталж үзээд хэд хэд түлхэж үзэв. Новшийн хаалга дахиад л онгойсонгүй. Бүсгүй гаднаас нь юмаар ямар нэгээр түгжих юм уу хөшөөд орхичихсоныг тэр дор нь ойлгоод цонхруу ухасхийв. Бүсгүй ойрхон байх мотоцикл руу явж байгаа нь илэрхий боллоо.

Хэрвээ дуудчихвал түүнийг яаруулахад хүргээд нэгмөсөн алдаж магадгүй юм гэж бодсон Этэрнал тэр даруй тагтаар дамжин бууж эхлэв. Хэдий шалмаг түргэн хөдөлж буусан ч гэсэн бүсгүй аль хэдийн дуулгаа өмсөж мордоод мотоциклынхоо моторыг асаачихсан байлаа. Этэрналыг хариугүй очдогийн даваан дээр хөдлөөд явчихав. Мотоциклоороо нэлээн холдсоны хойно бүсгүй хажуулдан зогсоод гараараа даллачихаад цааш явав.

Нэгэнт алдчихсан тул хойноос нь хөөгөөд нэмэргүйг ойлгосон Этэрнал гэр лүүгээ яарав. Хаалгыг нь трапец хэлбэрийн жижиг шаантаг төмрөөр хөшиж хаасан байжээ. Урьдчилаад бэлдчихсэн байж дээ гэж бодоод, яагаад ингэснийг нь гайхан, утсаа аваад урьд өдөр нь мессеж ирүүлсэн дугаар руу нь залгатал: автомат оператор бүсгүйн хоолой: "Уучлаарай таны залгасан дугаар ашиглалтанд байхгүй байна" гэж доогтой ч юм шиг өөдөөс нь өгүүлэв.

No comments:

Post a Comment

Note: Only a member of this blog may post a comment.