Sunday, January 22, 2012

3-р бүлэг. Тэр энд ирчихэж

-- BUT... WHO ARE YOU?

Өглөө сэрээд Обра Этэрналаас "буцааж авсан" захиагаа хадгалж байсан хайрцгийг хайв. Хэрвээ Этэрналын тэр "захиалга" гэж яриад байгаа, гэнэт гарч ирээд гэнэт алга болчихсон тэр хүүхэний тухай яриа нь үнэн юм бол тэр захиаг захиалагч хүүхэн яаж олж авав? Эсвэл Этэрнал өөрөө хулгайлчихаад өөр хүнээс авсан гэж худлаа ярив уу?

Ямраар ч бодсон түүний хувийн эд зүйлсэд хэн нэгэн нь хуруу гараа дүрсэн байгаа нь үнэхээр тоогүй явдал юм. Этэрнал өөрөө түүний хувийн нууц руу өнгийж захиаг хулгайлсан бол үүнийг юу гэж ойлгох вэ?

Хайрцгаа олохоор энэ тэрийг онгичих зуураа өчигдөрийн тухай эргэцүүлэв. Этэрналыг тэр өөрөө урьсан, урьсан шалтгаан хэн хэнд нь ойлгомжтой. Бараг уламжлал шахуу зүйл. Гэхдээ бага зэрэг ялгаатай нь Этэрнал түүн дээр нэг найзаа дагуулж ирсэн. Нөгөөдөх нь танилцаад хоёр үг сольчихож чадахгүй дуугарч ядаад байсан нь түүнд таалагдаагүй. Гэхдээ үүнээс гадна тэр дагуулж ирсэн Кокорог нь анх хараад л өөрийнхөө ямар нэг өөрөө ч мэдэхгүй нууцаа түүнд алдчихсан, илчлэгдчихсэн юм шиг эвгүй мэдрэмж төрсөн тал бол байсан. Ер нь аль ч талаар бодсон Кокоро гэгч тэр залуу нь түүнд аятайхан сэтгэгдэл лав төрүүлээгүй.

Харин Этэрнал жаал юм ууж халсныхаа дараа "би чамд нэг юм сонирхуулъя" гэж хэлээд, түүний өмнө нөгөө захиаг үг дуугүй дэлгэж харуулсан. Түүний хүнд үзүүлэлгүй хадгалж байсан зүйлийг хулгайлсанд эгдүүцэн "Этэрнал чи яаж ингэж чадав аа" гэж бодогдохын сацуу, захиаг илгээж байсан хүн нь "Этэрнал чи байсан гэж үү" гэсэн бодол давхар төрөөд Обра юу ч дуугарч чадаагүй билээ. Тэгтэл ч ашгүй Этэрнал дуугарч өглөө захиалга орж ирсэн, захиалагч өөрөө зугатаасан мэтийн юм яриад:

-- Чиний бодлоор энэ захиан дээрх үг тийм аятайхан байна уу? Ийм ганц захианд уяраад захианы эзэнтэй холбогдмоор санагдах хүсэл төрөхөөр юм шиг байна уу? Эмэгтэй хүний чинь хувьд? гэж асуусан билээ.

-- Хаха. Эмэгтэй хүний минь хувьд асууж байгаа юм уу. Чи иймэрхүү тэнэг асуулт асууж байхыг бодоход овоо согтоо юу даа? Аль эсвэл иймэрхүү сэдвээр ярих эсэхийг минь дахиад л шалгаж байна уу.

-- За за би нээрээ ч тэнэг асуулт асуучихсан бололтой. Энэ Кокоро гайхаад байх шиг байна. Хөөе Кокоро чамд л гэж хэлэхэд. Обра бол ёстой сонирхолтой эмэгтэй за юу. Ер нь бол миний мэдэхийн хэнд ч дурлаж байгаагүй. Бүүр надад ч дурлаж байгаагүй гээд боддоо. Би анх бүүр өөртөө дурлуулах гэж зөндөө оролдож билээ. Тийм ээ Обра?

-- Хаха. Чи өөрөө надаас илүү солиотой гээч. Чи ч гэсэн миний мэдэхийн хэнд ч дурлаж байгаагүй. Гэхдээ ийм учраас л хоёулаа найзууд болцгоосон биз дээ.

-- Тэр ч тийм шүү. Тэгэхэд би чамайг надтай удаан найз байж чадах нь уу, үгүй юу гэдгийг чинь мэдэх гэж чамайг эргүүлж байсан. Аль нэг өдөр чамайг нөхөрлөлөө эвдэж надад дурлахвий санаа зовохгүй байхын тулд л тэгсэн хэрэг.

-- Хаха. Эргүүлж байсан гэнэ шүү. Чи зүгээр л тоглоом шоглоомоор намайг шалгаж тэнэглэдэг байсан биз дээ. Би хэрвээ тэр бүхнийг чинь жинхэнээсээ гэж бодсон бол чамайг надад дурлачихаж гээд чамтай найзлахгүй л байлаа шүү дээ. Би хүмүүсийг дурласан хүнийхээ найз байж чадна гэдэгт итгэдэггүй. Яг л чам шиг.

-- Тийм шүү найз минь. За алив нөхөрлөлийнхөө төлөө дахиад нэг коктейл өгөөдөх. Тэгснээ Кокоро руу хандан ярьж эхлэв.

-- Ийм л юм болсон юм даа залуу минь. Агуу холбоочны арга барилын талаар бичихийн тулд найз нөхдийнх нь талаар мэдэж байх хэрэгтэй байлгүй яахав тэ. Гэхдээ би чамд сайн санаж хэлэхэд Обрад дурлана мэтийн юм бодоод огт хэрэггүй шүү. Чамайг яг одоо дурлачихаж гээд байгаа юм биш. Юмыг яаж мэдэхэв, хожим хойно яах ч юм бил ээ... Чи л шар махтайгаа хатахын нэмэр. Аа энэ коктейл бол яахав. Гоё байгаа биз. Коктейлэнд бол дурлаж болно оо хамаагүй. Энүүгээр дүүрэн наад хундагатайд чинь дурласан хүмүүс байгаа юм.

Этэрналын дэмий чалчаа үг нь хөөрхий Кокорог дуугарах тэнхэлгүй болгон, чимээгүй л коктейл шимэн суухад хүргэж байхад Обра захианы талаар бодлогоширч байлаа. Удалгүй дарга ч ирж, Этэрнал тэр өдөр захианы талаар дахиад ярьсангүй тул Этэрнал "чинийх" байсан юм биш байгаа гэсэн бодол нь ч мартагдав.

Обра хайж байсан жижиг хайрцгаа оллоо. Өөр хүн онгойлгосон эсэхийг хальт шинжсэн боловч тийм юм алга байв. Яаж хайрцагнаас авсан юм бол гэж бодсоор хайрцгаа онгойлгоод нөгөө захиагаа хайж үзвэл байхаар барах уу, яг хэвээрээ байж байлаа. Обрагийн хайрцагнаас гарсан нэг захиа, Этэрналын үзүүлсэн бас нэг захиа. Нэгийг нь Этэрнал халаасандаа авч явж үнгэснийг эс тооцвол хоорондоо яг ижилхэн хоёр захиа. Хоёулан дээрхийг нь гараар бичсэн ба хоёулаа ижилхэн үгтэй:

"хайр мод 2 адилхан. өсөж өндийхөд нь олон жил хэрэгтэй. тиймээс аль болох эртхэнээс үрийг нь тарьцгаая.
бидний хайрын үрийг нь өнөөдөр би тарихаар шийдлээ.

би чамд хайртай.

чинийхээс нь"

Тэгэхлээр Этэрнал түүний захиаг хулгайлаагүй юм байна. Этэрналын нууцлаг захиалагчийнхаа талаар түүнд ярьсан нь үнэн юм байна! Тэр захиалагч Обра хоёр адилхан захиаг "чинийх"-ээс авсан байна. Гэхдээ Обра "чинийх"-ээс зөвхөн ганцыг аваагүй, олон захиа авсан. Харин тэр захиалагч хэдэн захиа авсан бол? Этэрналд өгсөн захианаасаа өөр захианууд "чинийх"-ээс авсан болов уу? Авсан бол захианд нь юу бичигдсэн байсан бол?

Обраг ийнхүү гайхшралд автан байхад, Этэрнал Обратай хэрхэн дахин уулзаж захианы талаар асуух вэ гэж бодож байлаа. Ингэхийн тулд урьдаар захиаг авсныг нь Обрагаар хүлээн зөвшөөрүүлэх чухал. Обра захиаг хэлэлгүйгээр авах шалтгаан байсан юм бол, огт аваагүй гээд гүрийх шалтгаан ч бас байж болох ба ингэсэн тохиолдолд Этэрнал яаж ч чадахгүй юм. Ийнхүү бодолхийж байхад нь гар утсанд нь мессеж ирэв. Шалгаж үзвэл Обрагаас ирсэн байв:

"uulzaya. yarih yum baina. zahialagchiin chini zahiag butsaaj ogyo."

*       *       *


Өглөө... Гэнэтхэн... Танил мэдрэмж... Зөн совин нь оргилоод ирэв. Түүнд бүүр түүрхэн нэг юм мэдрэгдээд ирлээ. Тогтоож авах хэрэгтэй. Мэдрэмжүүд оргилж л байдаг, эргээд яг л зүүд шиг мартагддаг. Тэр зөндөө л мартаж байсан. Гэхдээ энэ удаа мартах хэрэггүй гэсэн мэдрэмж төрөөд болдоггүй! Ямар аргаар энэ мэдрэмжийг хадгалах вэ. Энэ мэдрэмжийг тэр хэвээр нь хадгалж чадахгүйгээ мэдрэв, тиймээс боломжоороо мэдээлэл болгон хувиргаж хадгалж үлдээх хэрэгтэй... Харин яаж?

Зөн совин нь гэнэт оргилсон шигээ гэнэт намжиж алга болов. Амандаа "тэр энд ирчихэж... тэр энд ирчихэж" гэж дахин дахин бувтнасаар нүдээ нээв. Хэд дахин давтсаныхаа дараа өөрийнхөө юу бувтнаж байгаагаа мэдэв. Тэр ямар ч гэсэн мэдээлэл хадгалж үлджээ.

"Тэр энд ирчихэж". Тэр гэдгийг яг мэдэж байсан, гэхдээ удалгүй эргэлзсэн тэгээд зөн совин үргэхэд мартсан. Харин "энд" гэдэг бол "энэ хот" гэж байгаа гэдгийг төвөггүй ойлгосон. Тэгэхлээр нэг л асуулт байна. Хэн? Санах гэж оролдоод санаж чадсангүй. Хэн гэдгийг нь мэдэж байсан юм шиг санагдаад болдоггүй. Даанч совин намжчихсан учраас мэдэж болохгүй. Харин нэгэнт хадгалж үлдсэн мэдээлэл дээрээ үндэслэн таамаглал дэвшүүлэх бол болохын дээдээр болно.

Би яагаад заавал энэ мэдээллийг хадгалах гэж оролдов? Энэ мэдээлэл их чухал байсан байх. Яагаад би "тэр энд ирчихэж" гэдгийг онцолж амандаа бувтнав? Энэ хотод өчнөөн л хүн ирж, гарж байгаа. Магадгүй "тэр" надад их чухал хүн байх. Магадгүй би түүнийг хүлээж байсан байх...

Арай тэр биш байгаа? Тэр ирэх болсон гэж үү? Байз! Нэг, хоёр, гурав, дөрөв, тав, зургаа, долоо. Долоон жил өнгөрчихөж! Тэгэхлээр тэр байж болох юм байна. Тэр юм байна! Тэр энд ирчихэж. Тийм ээ тэр энд ирчихэж!

Бек (Beck) баяр хөөр дүүрнээр "тэр энд ирчихэж" хэмээн бодолдоо давтсаар орноосоо бослоо. Бодолдоо давтах түүнд хангалтгүй байсан бололтой. Цонхон дээр очин, хөшгөө сөхөөд нар өөд гараа алдлан суниагаад, аз жаргал дүүрнээр хашгирав: "тэр энд ирчихэж".

Бек түүнтэй хамгийн сүүлд хэзээ уулзсанаа санав. Долоон жилийн өмнөх тэр үдэш Улаанбаатар хотод хүчлийн бороо орсон билээ. Гэхдээ тэр хүчлийн бороо, хүчтэй аадар борооны дундуур хэсэгхэн зуур орсон тул ургамал мододыг эс тооцвол аадраас нэгэнт хоргодож амжсан байсан хүн, амьтад төдий л олноор түлэгдэж гэмтээгүй байна. Мөн хүчлийн бороо үнэхээр орсон талаар сонин хэвлэлээр хэсэгхэн шуугисан боловч мөндөр бутлагчаас болж борооны усанд жаахан өөрчлөлт орсноос биш хүчлийн агууламжтай бороо ороогүй хэмээн эрх мэдэлт нэгэн дарга тайлбарласан ба хотод хор хохирол гэхээр юм сүртэй учраагүй тул тэгэсгээд мартжээ.

Хэдий тэрхүү хүчлийн бороот үдшийг нийт олноор мартсан боловч Бек мартаж чадсангүй. Учир нь тэр үдэш л Бек "түүнийгээ" алдсан билээ. Түүнийгээ алдсаны дараа Бек өөрийн зөн мэдрэмждээ итгэх итгэлээ ч мөн алдаж эхэлсэн. Эцэст нь Бек эгэл жирийн хүн шиг амьдрахаар шийдэж үлгэн салган долоон жилийг өнгөрөөсөн билээ.

Хүчлийн бороот тэр үдэш Бек дөнгөж нахиалж байгаа нялх нөхөрлөлөө дэнчин тавиад найзыгаа аврахыг оролдсон боловч найз нь үүнд огтхон ч талархсангүй. Харин ч бүүр маш ихээр эгдүүцэн уурлаж, "долоон жил уучлахгүй" хэмээн гоморхоод дахиж уулзалгүй хаа нэг тийшээ алга болсон билээ. Хэдийгээр "тэр энд ирчихсэн" ч гэсэн Бекийн санааг зовоож байгаа ганц зүйл байв: Долоон жилийн өмнө хүчлийн бороот үдэш болсон явдлыг тэр уучлах болов уу?

No comments:

Post a Comment

Note: Only a member of this blog may post a comment.