Monday, February 6, 2012

5-р бүлэг. Уйтгартай эмэгтэй гүн нууцтай

HOW CAN I LOVE YOU ...

-- Хөөе чиний төлөө ууж байхад, жаахан цог золбоотой байгаач.

-- Та үнэхээр мөнгөгүй юм уу.

-- Чамд мөнгө чухал уу. Хайр сэтгэл чинь чухал уу?

-- ...

-- Алив хурдан хэлээдэх. Ер нь ингэхэд хэн намайг унтаж байхад сэрээсэн юм, нэгэнт унтаж байгаа хүнийг сэрээсэн юм бол босгоод хоол унд өгөх нь хаа газарын ёс биз дээ?

-- Гэхдээ л ...

-- За чиний тэр аугаа их чухал, амьдрал хайр сэтгэлээс чинь чухал мөнгөний төлөө тэгвэл ууя.

-- Ээ хэрэггүй дээ.

-- За тэгвэл хайр сэтгэлийн чинь төлөө. Хайр сэтгэлийнхөө төлөө хундагаа хоосортол ууна шүү. Тээр энэ хараа (аль хэдийн уучихаад харуулав) би чиний хайр сэтгэлийн төлөө яаж ууж байна?

-- ... (Золоожижи инээмсэглээд уув)

Алибаба эхний таваг хоолоо идчихээд дахиад өөртөө хундагалав. Золоожижигээс "уухгүй биз дээ?" гэж асуугаад хариулт авалгүйгээр ууж эхлэв. Тэгээд дараалан хэд хэдэн хундага татаадхав. Тийнхүү машид шуурхайлан идэж, уучихаад, дараагийн таваг хоолоо хүлээнгээ урьд тасарсан лекцээ үргэлжлүүлэв.

-- Ер нь бол бүх зүйл практик. Практикгүйгээр суралцана гэдэг бол уухгүйгээр согтохтой адил балай зүйл. Ингэхэд чи миний ярьж байгааг ойлгож байна уу?

-- Ойлгож байна.

-- За яахав сайн байна. Гэхдээ одоо цаашаагаа бол чамайг ойлгохгүй гэдгийг яг мэдэж байна. Чи хичээлдээ хэр вэ? онц сурдаг биз?

-- Мхм. Тийм гэх үү дээ.

-- Аа бас даруухан царайлчихаж ээ. Гэхдээ чиний онц сурах бол одоо хэлэх гээд байгаа юмтай огт хамаагүй. Сургууль бол новшийн газар. Тэнд хичээлийг зөвхөн гоц ухаантнуудад тааруулан заадаг, бусдыг нь хичээлээр далимдуулан залхаадаг. Харин би бол өөр, тэнэгүүдэд зориулан заана, тэгээд хэнийг ч залхаахгүй.

-- ...

-- Тэгэхлээр тэнэгхэн сурагч минь. Тэнд байгаа бүсгүйг харж байна уу? (Хоол идээд сууж буй бүсгүйг заав)

-- За харж байна.

-- Тэр бүсгүй хоёулангийн дараа орж ирсэн. Чи үүнийг анзаарсан уу?

-- Үгүй.

-- Маш сайн байна. Чи ингээд анхныхаа муу дүнг авлаа. Одоо жаахан цаашлая. Тэр бүсгүй ганцаараа байна. Бас тэр хэн нэгнийг хүлээсэн эсэхийг чи тодорхойлон хэлж чадах уу?

-- Мэдэхгүй юм, яахав тааж болох юм.

-- Таана гэнэ шүү! Тэгвэл арай тодорхой асуулт асууя. Тэр бүсгүй хөөрхөн байна уу?

-- Мммм. Яахав дажгүй л юм.

-- Гүй ээ. Чи чинь юундаа сандраад маяглаад байгаа юм. Тэгэхлээр чамд өгөх эхний практик даалгавар бол тэр бүсгүйг хөөрхөн эсэхийг нь ойрхноос хараад ирэх.

-- Юу би юу? Одоо юу?

-- Тэгэлгүй яахав. Нэгдүгээрт чи, хоёрдугаарт одоо. Гуравдугаарт хурдан бос.

Золоожижид эвгүй санагдав. Тэр бүсгүй хамгийн захын ширээнд, нэлээд буйдхан газар суусан тул түүн рүү ойртох юм бол тэр заавал анзаарах юм шиг санагдаж байв. Алибаба сандлыг нь татаад авчихсан тул аргагүйн эрхэд босов. Яахаа мэдэлгүй хэд алхсанаа буцаж ирээд суув.

-- За би харчихлаа. Нээрээ хөөрхөн юм байна.

-- Аа тийм үү, хар нүдтэй байна уу, бор нүдтэй байна уу? Чи багш нарыг хуурж залилж болно, тэд нар ч гэсэн чамайг хуурж залилж байдаг болохоор энэ чинь буруу зүйл биш. Харин чи өөрийгөө бол болохгүй. За чи бүүр хувь заяатайгаа эвлэрчихсэн новш байгаад өөрийгөө хуурдаг байсан ч гэсэн хайр сэтгэлээ хуурж болохгүй.

-- ...

-- За тэгэхлээр ингэнэ ээ. Чамд ер нь үзүүлж харуулж, ингэдэг тэгдэг гэж үлгэрлэхгүй л бол юм сурахгүй шинжтэй нөхөр байна. Би тэр бүсгүйд нэг захиа бичээдхэе. Чи түүнийг маань хүргэж өг. Тэгээд захианы хариуг бас авахыг бодоорой.

-- Айн? Нээрээ юу?

-- Ийм зүйлээр тоглодоггүй юм. За алив цүнхэнд чинь цаас, харандаа байгаа л биз дээ?

-- Бал болох уу?

-- За болно оо болно. Бушуухан гаргаад ир.

Золоожижиг цаас бал гаргаж өгсний дараа Алибаба хэд хэдэн жижиг дөрвөлжин цаас тэгшхэн ураад бэлдчихэв. Тэгснээ нэг дээр нь гялс нэгхэн мөр юм бичээд цаасаа дундуур нь нугалав. Дараа нь Золоожижид өгөөд:

-- За тэгэхлээр хайр сэтгэлийн зууч болно гэдэг бол өндөр нэр хүндтэй ажил шүү. Захиаг замдаа уншиж болохгүй, задалж болохгүй, хаяж гээж үрэгдүүлж болохгүй. За яваад ир.

-- Надаас элдэв юм асуувал би юу гэх вэ?

-- Захианы хариу заавал бичээрэй гэж гуйсан өөр юм би мэдэхгүй гээд л бай.

Золоожижи бал цаас, захиаг барьсаар өөртөө итгэлгүйхэн бүсгүй рүү алхлаа. Зүрх нь чангаар цохилж, хөл нь үл ялиг чичирж байв. Ямар ч гэсэн замаасаа эргэж буцсангүй, зориг гарган бүсгүй дээр очоод:

-- Уучлаарай. Танд үүнийг тэр залуу өгч байна л даа.

-- Уучлаарай юу гэнэ ээ?

-- Юу л даа. Та тэр залууг харж байна уу? (Алибаба хоол идэнгээ, дарстайгаа шимж суун байлаа)

-- Аан за.

-- Тэр танд энэ захиаг надаар өгүүллээ. Та хэрвээ боломжтой бол хариу бичиж явуулна уу.

-- Энэ захиа нь юм уу? Бүсгүй захиа буюу дундуураа нугалаатай тэр цаасыг дэлгэж үзэв:

Уйтгартай эмэгтэй, гүн нууцтай.

гэж бичсэн байлаа. Захиаг Золоожижид үзүүлээд:

-- Уучлаарай хүн андуураагүй биз?

-- Үгүй дээ яалаа гэж. Тэр залуу бүр яг таньд өгөөрэй гэсэн.

-- Чи тэрийг таньдаг юм уу, тэр өөр юм хэлсэн үү?

-- Танаас захианы хариуг бичихийг аминчлан гуйсан, өөр юм юу хэлээгүй. Бас би тэр хүнийг тийм ч сайн танихгүй. Саяхан л танилцсан гэх үү дээ.

Бүсгүй захиаг дахиж уншаад, үл ялиг инээмсэглэв. Золоожижи бүсгүйн инээмсэглэлд зориг орон бал, цаас ширээн дээр нь тавив. Мөнөөх бүсгүй мөн л товчхон хариу бичээд голоор нь нугалаад өгөв.

-- Май энэ хариу нь.

Золоожижи талархал илэрхийлээд ширээ рүүгээ буцав. Алибаба захиаг аваад, захиаг дэлгэлгүй Золоожижи рүү харав. Золоожижи юу хэлэхээ мэдсэнгүй. Бүсгүй юу гэж хариу бичсэн бол? Алибаба инээмсэглээд Золоожижид харагдахуйцаар захиаг нээж уншив:

Гүн нууц минь, чамд хамаагүй

Золоожижи Алибабаг бага зэрэг өрөвдөв. Бүсгүй түүнд нүүр өгсөнгүй юм шиг түүнд санагджээ. Алибабагийн онгироо занг нь жаахан цаашлуулан тавладаг юм бил үү гэж бодсон боловч нэгдүгээрт үл таних хүнээс жаахан цэрвэсэн, хоёрдугаарт түүнийг аргадмаар санагдсан тул больжээ. Харин Алибаба:

-- За ямар байна?

-- Юу? Захиа хүргэх үү? (Золоожижи хариу захидлын агуулгын талаар илт тойруулан ярив)

-- Эмэгтэй хүнд захиа өгч үзэх?

-- Яахав дажгүй л юм. (Золоожижи аанай л Алибабаг аргадах гэж хичээсээр байлаа)

-- Захианы хариуны талаар юу гэж бодож байна?

-- Миний бодлоор ямар хариу авсан нь биш, захиа өгч зүрхэлсэн нь чухал байсан болов уу.

-- Ямар хариу авсан нь чухал байлгүй яадаг юм! Чи янз нь ямар хариу авчихаад байгааг ойлгохгүй байна аа даа.

-- Уучлаарай. Хариу захианд тийм нааштай юм байгаа хэрэг үү?

-- Байхаар барах уу! 1-рт хариу захиа бичсэн байна гэдэг чинь өөрөө маш том нааштай байдал. 2-рт... За тэрийг чи удахгүй өөрөө ойлгоно. Би дахиад нэг захиа бичээдхэе. Чи аваачаад өг.

-- За. (Золоожижи Алибабагийн өөдрөг байгаад жаахан гайхаж байсан ч, түүний хувьд захиа хүргэж өгөх одоо нэг их хэцүү ажил биш шиг санагдаж байгаа тул огт цааргалсангүй. Нөгөөтэйгүүр Золоожижи дахиад бүсгүйн ширээ рүү ойртон бүсгүйтэй ярилцаж үзмээр санагдаж байгаагаа өөрөө төдий л анзаарахгүй байлаа)

Алибаба мөн л богинохон захиа бичээд, нугалаад өгөв. Золоожижи энэ удаа зориг зүрх дүүрэн захиагаа зөөсөн ба, Алибабаг юу гэж бичсэнийг мэдэхийг хүсэж байлаа.

-- Уучлаарай дахиад төвөг болох нь. Танд захиа илгээсэн залуу захианы чинь хариуг явууллаа. гээд захиагаа ширээн дээр нь тавив.

Бүсгүй захиаг нээж уншаад, хэсэг зогтусаад өмнөхөө бодвол арай илүү сэтгэл хөдлөлтэйгээр инээмсэглэлээ:

Нууцаа нуусан ч, нууцтайгаа нуусангүй

Золоожижи ширээн дээр хэвтэх захиаг уншаад Алибабагийн гярхай занг гайхав. Бүсгүй "гүн нууц минь" чамд хамаагүй гэж хэлэхдээ аль хэдийн өөрийнхөө "гүн нууц"-тайгаа илчилсэн байж! Гэтэл үүнийг нь Золоожижи огт олж хараагүй байх нь. Тэр өөрийгөө илүү ухаантай болох хэрэгтэй юм байна дээ гэж бодов. Тэгээд өөрийн эрхгүй ширээн дээр шинэ цаас, бал тавив. Бүсгүй ч инээмсэглэсэн хэвээр хариуг бичээд нугалан өгөв.

Ширээн дээрээ ирээд Алибабагийн хамтаар захиаг задлан уншив:

Ухаалаг юм аа чи

Алибаба Золоожижи рүү инээмсэглэчихээд дараагийн захиагаа бичив. Золоожижи захиаг авчихаад сурмагаар, гаршсан байдалтай, өөртөө үнэнхүү итгэлтэйгээр бүсгүйн ширээ рүү зорив. Алибабагийн удаах захиа:

Ухаалаг гэж андуурсан шүү

байв. Бүсгүй захиаг уншаад Алибаба руу харвал, Алибаба ч түүн рүү хараад сууж байсан ба бүсгүй рүү гараараа дохиод инээмсэглэв. Бүсгүй хариу инээмсэглээд захианы хариуг яаравчлан бичлээ.

Уйтгартай гэж чи ч бас андуурсан шүү

Алибаба захиаг авч Золоожижитай хамт уншаад хариуг Золоожижид харуулан, гэхдээ энэ удаад арай уртханыг бичив:

Итгэхгүй байна. Уйтгартай үгүйг чинь очиж шалгахаас...

Тэгээд Золоожижид за чи очоод байж бай. Би араас чинь очъё гэв.

1 comment:

Note: Only a member of this blog may post a comment.