Monday, February 27, 2012

7-р бүлэг - Хосуй Есүй хоёр

HOW CAN I TOUCH YOU...

Тэр бороо Алибабад үнэхээр сайхан санагдав. Ийм сайхан бороонд унтана гэдэг ямар сайхан бэ. Алибаба тэр дороо эргэж хэвтээд, гараа дэрлүүлсэн чигтээ нам унтаад өгөв. Үг сөхөөгүй унтаад өгсөнд нь Энжи жаахан гайхсан боловч удалгүй гарыг нь дэрлэсэн чигтээ нойрондоо дийлдэн унтжээ. Алибаба хээр хөдөө олон удаа хонож байсан туршлагатай учраас, хучлага дэвсгэр ч үгүй ингэж хонох үед үүрийн жингээр хүйт даахаас өмнө сэрэх хэрэгтэй, тэгэхийн тулд эртхэн нойроо авсан нь дээр гэж бодсон байв.

Үүрийн жингээс өмнөхөн Алибаба сэрлээ. Шөнийн шиврээ бороонд агаар зөөлрөөд ер бусын сайхнаар сэнгэнэж байлаа. Алибаба сэрчихээд өндийх гэснээ Энжи гар, мөрийг нь дэрлэн унтаж байгаа тул сэрээхгүйн тулд өндийлгүй, сэртэл нь хүлээхээр шийдэв. Тийнхүү хэвтэж байтал нар мандах зүгт ер бусын туяа тодрон гарах шиг болов. Яалт ч үгүй өндийн харлаа. Урьд өмнө үзэж байгаагүй тэр юм хачин жигтэй санагдсан боловч гоё сайхныг нь таашаах хүсэл эрхгүй төрж байв.

-- Хөөе хэвтээчээ чи. Би юу дэрлэх юм бэ. (Энжи сэрчихсэн байжээ!)

-- За за. (Алибаба буцаад хэвтэх гэв)

-- За за би ерөөсөө бослоо. (Харанхуйд инээмсэглэснийг нь Алибаба харж чадсангүй)

-- Үүрийн гэгээнд нумарч харагдах энэ юу вэ?

-- Шөнийн солонго.

-- Үнэхээр байдаг хэрэг үү.

-- Би чамайг үзэхээс нааш үнэмшихгүй гэж мэдээд байсан юм аа.

-- Үзсэн ч гэсэн үнэмшихэд хэцүү юм аа.

-- Заримдаа шөнөжин бороо орсон үед үүрийн гэгээ агаарт солонгорон задархаараа ингэдэг гэсэн.

Нумран харагдах шөнийн солонго удалгүй өглөөний наранд дарагдан алга боллоо. Манай хоёр хажуугийн сандал дээр хамтдаа суугаад ярилцав:

-- За өглөө ч болчлоо доо. Энжи чи хаашаа явах вэ. Би хүргээд өгөх үү. За дэмий ч юм уу. Уучлаарай би хүргэж өгж чадахгүй нь дээ... Би төөрчих гээд байна.

-- Чи энэ хотынх биш юм уу?

-- Би саяхан ирсэн л дээ. Харин чи?

-- Би ч гэсэн саяхан ирсэн. Одоо хаачихаа мэдэхгүй л байна.

-- Үгүй байлгүй дээ.

-- Уг нь очих гэсэн газар байгаа л даа. Эргэлзээд л байна.

-- Чи төөрчихгүй юу, энэ хот том юм аа.

-- Би урьд нь энэ хотод амьдардаг байсан л даа. Гэхдээ ирэлгүй бараг 7 жил болчихож. Харин чи энэ хотод урьд нь ирж байгаагүй юу?

-- Тийм үү, ямар сонин юм бэ. Би юу. Би харин л дээ. Ирж байсан ч юм шиг, үгүй ч юм шиг. Би харин өмнөх явдлуудаа сайн санахгүй байгаа юм аа.

-- Үгүй байлгүй дээ. Чи яг юу юуг санадаггүй юм?

-- Өө бараг бүх зүйлийг. Нэрээ ч гэсэн.

-- Чи надад нэрээ хэлж байсан шүү дээ. Алибаба гээд?

-- Уучлаарай би тэрийг Золоожижи та хоёрт зохиогоод хэлчихсэн юм аа. Би ямар нэртэйгээ мэдэхгүй л байна.

-- За яахав энэ их онцгой тохиолдол шиг санагдлаа. Тийм учраас уучлая даа. Чи одоо хаачих гэж байна даа?

-- Намайг хотод авчирсан хүмүүс дээр очдог юм бил үү.

-- Чи олох уу, төөрчихгүй юу?

-- Өчигдөржин хайсан, одоо жаахан хайвал олчих байх.

-- Чи яагаад төөрчихсөн юм?

-- Битүү өрөөнд унтсан чинь бүгчимдээд байхаар нь шөнө гадуур жаахан салхилж байгаад аятайхан унтчихмаар газар хайж олоод унтчихсан энд ирчихсэн байсан. Тэгээд өглөө нь буцаад явсан чинь замаа олоогүй л дээ.

-- Тэгээд?

-- Тэгээд яахав дээ, дахиад бүүр ор тас төөрж байснаас гээд жаахан явж байгаад л явсан замаараа буцаж ирээд л эндээсээ дахиад яваад ирсэн замаа хайдаг байсан. Одоо хэдхэн гудамж шалгачихвал олдчих байх. Надад санаа зоволтгүй дээ.

-- Тээр би чамайг ухаантай гэж хэлээгүй юу. Би яалаа гэж чамд санаа зовох билээ.

-- Хэхэ, харин би уйтгартай гэдэг дээр чинь үнэхээр андуурсан бололтой.

-- Гэхдээ гүн нууцтай гэж зөв таасан шүү. гээд Энжи ер бусын нууцлагаар, нууцтайгаа би яагаад үүнд илчилж хэлээд байна вэ гэж бодлогошронгоо инээмсэглэв.

Алибаба Энжигийн нууцруу халдахгүйгээ илэрхийлэн хэсэг чимээгүй суув. Удалгүй тэр хоёр дараа уулзахын ерөөл тавиад салахаар болов. Энжи хаа нэг тийшээ яваад, Алибаба харих замаа олохоор сандлын тэндээ үлдэв.

*       *       *


Хэдэн цагийн дараа Алибаба нэгэн орон сууцны байшингийн орцны үүдэнд сандал дээр сууж байлаа. Тэр хайж байсан байшин, орцоо олсон боловч хэдэн давхарын аль хаалга руу орохоо мэдэж чадсангүй. Санах гээд, санах гээд үнэхээр санаж чадсангүй тул дэмий л орцноос гарах хүн бүрийг царайчлан орцны үүдэнд сууж байсан тэр аж.

-- Хүүе чи мөн үү, хааччихав аа чи, чамайг ямар их хайваа. гэсээр орц руу чиглэн явж байсан нэг бүсгүй Алибаба дээр гүйн ирээд хэлэв.

-- Уучлаарай. Би харин төөрөөд, буцаж ирэх замаа олдоггүй. Хайж хайж сая л ирлээ.

-- За хүрээд ирсэн чинь яамай, ямар их санаа зовов оо. Есүй (Esui) бүүр чамайг зугатаачихсан, хайгаад хэрэггүй гээд байсан шүү, ёстой муухай.

-- Уучлаарай Хосуй (Khosui).

-- За орох уу даа?

-- Тэгье тэгье.

...

-- Хөөе Есүй би нэг нөгөө "эр хүн"-ийг олчихсон шүү.

-- Чи юм уу? (Өрөөсөн гартаа алим барьсан нэг бүсгүй нөгөө өрөөнөөс гарч ирэв)

-- Юу?

-- Хосуйгийн эр хүн гэж нэрлээд байдаг нь?

-- Тийм гэх үү дээ. Харин чи Хосуйгийн ихэр Есүй юу?

-- Мөн бол юу гэж? Биш бол юу гэж? (Алимнаасаа хазах зуураа, харцаараа Алибаба руу илт өдсөн тохуурхсан харц шидлэн байв)

-- ...

-- Чааваас даа, "эр хүн" гэл үү. Сонирхолтой л нэр юм. (Алимнаасаа дахиад нэг хазав)

-- Есүй би чамд хэлээ биз дээ, "эр хүн" нэрээ санахгүй байгаа гэж. (Хосуй цаанаас хашгирав)

-- Байж бай л даа, би өөрөөс нь жаахан юм асуугаадхая. Чи тэгээд Хосуйтай анх тааралдахдаа Хосуй руу гараараа заагаад "эмэгтэй хүн", өөр лүүгээ заагаад "эрэгтэй хүн" гээд хэд дахин давтаж яриад байсан гэсэн үнэн үү?

-- ... (бидний Алибаба гэх нэрээр нь мэдэх тэр хүн хэлэх үггүй болж ичингүйрэв)

-- Тэгээд тэрнээс чинь болоод Хосуй чамайг, "эрэгтэй хүн", "эр хүн" гэж нэрлэдэг болсон гэсэн үнэн үү?

-- ...

-- Тэгвэл чи ч гэсэн Хосуйг "эмэгтэй хүн", "эм хүн" гэж нэрлэж дуудаж болох нь байна шд тээ?

-- Хосуйд нэр байдаг шүү дээ.

-- Өө нээрээ чамд нэр байхгүй болохоор л "эр" гэж дуудаад байгаа бил үү. Чи яагаад өчигдөр шөнө оргосон юм?

-- Гэрт унтах гэсэн бүгчимдээд байсан юм аа.

-- Хаха. Тарзан ч мөн дөө. За за (Алибабаг доороос нь дээш, дээрээс нь доош сүрхий харав) Хосуйгийн олж ирсэн тарзан нь ийм залуу байдаг юм биз дээ. Дараа тухтай танилцая. Чамд гоё нэр бодож л байя. (Цаашаа өрөө рүүгээ оров)

*       *       *


Золоожижи Энжигээс салаад гэртээ ирэнгүүтээ нам унтчихжээ. Өглөө нь сэрээд өч төчнөөн хоногоор түүнийг шаналгаж зовоож байсан зовиур өнөөдөр яагаад мэдрэгдэхгүй байна вэ гэж гайхав. Зүрхэнд нь зоогдчихоод, улам улмаар гүн шигдэж шархлуулан зовоож байсан өргөс мэт дурлалын шарх нь яачихав гэж гайхав. Тэсэж хүсэмгүй санагдаж байсан өнөө зовиур нь дутагдаад байгаа ч юм шиг хальтхан санагдав. Үгүй дээ дасчихсан байж тэр зовиуртаа. Зовиур одоо эхлэхээр нь тэсэж гүрийнэ дээ гээд сэтгэлээ хурааж бэлдээд сурчихсан байж. Тэгтэл одоо нөгөө зовиур алга. Ямар ч шаналан, энэлэн алга. Түүнд юу тохиолдчихов оо? Тэр чинь өчигдөрхөн л гал халуун хайрандаа шатаж түлэгдэж яваад, хамгийн сүүлчийн найдлагаа хүртэл алдаж гээн, амраг хайр хүссэн хүндээ хаягдаж хоцроод улам ихээр шаналж зовсон байх учиртай биш үү?

Золоожижи шинэ дурлалтай учирсанаа ойлгох гэж өдрийн хагасыг баржээ. Тэр Энжид дурлачихжээ. Тэр ээждээ дурлачихаж! Түүнд өмнөх дурлал нь зүгээр л шохоорхол байсан юм шиг, зүгээр л элийрэл балайрал, сайн дураараа өөрийгөө шаналган зовоож байсан мангуурал шиг санагдаад байх болов. Мишд яагаад дурлан байснаа ойлгосонгүй, санах гэж хичээсэн боловч олсонгүй. Шинэхэн дурлалын гэрэл гэгээ нь түүний хуучин дурлалаас үүдэлтэй зүрхний шархыг нь ер бишийн их эдгээн илааршуулагч хүчээр юу ч сорви үлдээлгүй эдгээсэн байна. Тэр үнэхээр галзуу дурласанаа мэдрэв!

Тэр өөрийгөө шинэ дурлалдаа бүхий л талаар бэлтгэх хэрэгтэй гэж бодов. Тэр яаж энэ дурлалаа бүтээх вэ? Ядаж л Энжи хаана байгаа вэ? Яаж түүнийг олох вэ? Сэтгэлийн дурлалт түүнийгээ хаанаас гэж хайж, хаагуур хаагуур явах вэ?

Хайрт түүнийгээ хайж олох ч бас хангалтгүй юм. Түүнээс өрссөн ч байж мэдэх нэг залуу бий. Бүр түүний (Золоожижигийн) нүдэн дээр нь өрсөж, хайрт түүнийх нь уйтгарыг үргээж, хачин сонин тоглоомоор зугаацуулж байсан залуу бий. Тэр бол түүний өргөмөл аав, Алибаба!

Алибаба Золоожижигийн дурлалын шархыг нь аниулж өгсөн ч, дурлалт амрагийг нь түүнээс урьтан булааж авсан юм шиг бодогдоод Золоожижи хардах, харамлах сэтгэлээ барьж дийлэлгүй ер бусаар сандран, түгшүүрлэж эхлэв. Хардах сэтгэл нь улам улмаар нэмэгдсээр эрүүл саруул ухааных нь урдуур орж халхалжээ.

Түүний хазгай тавьсан харааны шилний цаанаас гялтганах нүднийх харцнаас айдас хүрэм шийдэмгий байдал тодрон буй бөгөөд толгой дотроо эргэцүүлэн буй бодлоо харцаараа нууж чадахгүй байлаа:

Яаж би ээжтэйгээ учир ургуулахын тулд, аавыг замаасаа холдуулах вэ?

1 comment:

  1. Асид нь бнооFebruary 27, 2012 at 4:58 AM

    О_О гэр бүлээрээ гэмт хэрэгтэнгүүд болох нь байнааа

    ReplyDelete

Note: Only a member of this blog may post a comment.