Monday, January 30, 2012

4-р бүлэг. Үүрд баяртай

-- I AM ANJIE!

-- Обра би чамайг гайхаад байна л даа. Тэр "чинийх" гэдэг чинь хэн болчихоод ганцхан захидал илгээснийг нь бүхэл бүтэн 4 жил хадгалсан байдаг билээ?

-- Би ч гэсэн "чинийх"-ийг хэн гэдгийг мэдэхгүй л дээ. Бас үүнийг яагаад хадгалаад байгаагаа ч тайлбарлаж чадахгүй юм шиг байна. Уучлаарай.

-- Үгүйдээ чи чадна. Үгүй ядахнээ чи миний мэдэхгүй өөр зүйлийг мэдэж байгаагаа чи надад хэлж чадна.

-- Яагаад би тийм юм мэдэж байгаа гэж? Чамд нэг захиа, надад нэг захиа. Бидэнд яг ижилхэн зүйлс байхад юунд чи намайг илүүг мэднэ гэж бодоов?

-- Би бодоогүй юм (инээмсэглэв). Эхлээд зүгээр л таасан юм. Харин одоо бол яг таг мэдэж байна. Хэрвээ чи үнэхээр илүү юм мэдэхгүй эсвэл мэдэж байгаагаа надаас нуухаар оролдоогүй байсан бол шууд ямар нэгэн мэдэж байгаа юмаа дурдаж хэлэх байсан.
Өөрөөр хэлбэл огт мэдэхгүй байсан ч гэсэн таавар дэвшүүлэх байсан. Тэгтэл чи огт тэгсэнгүйгээр үл барам ямар нэг сэжүүр алдчихсан юм биш биз гэж түгшсэн байдалтай намайг сонжиж байна.

-- Адгийн амьтан! Би чиний ухаалаг байдалд дуртай л даа. Гэхдээ ухаалаг зангаараа тэнэг алдааг минь илчлэхэд үнэхээр дургүй хүрэх юм. гээд Обра тас тас хөхрөв.

-- За яахав. Би бага сага юм мэдэж байгаа. Тэглээ гээд түүнийгээ чамд яагаад хэлэх ёстой гэж?

-- Яагаад гэвэл чи "чинийх"-ийг олохыг хүсэж байгаа.

-- Үгүй шүү. Би биш, чи л "чинийх"-ийг хайж байгаа биз дээ.

-- Минийх бол яахав дээ. "Чинийх"-ийг хайж байгаа маань зүгээр л бизнес шүү дээ. Харин чинийх бол хүсэл сонирхол. Би мөнгө дахиад авахгүй бол үргэлжлүүлэн хайх ч үгүй. Гэтэл чи бол чамд хэн ч мөнгө төлөөгүй байхад хайсаар л байх болно! "Чинийх"-ийг!

-- Адгийн амьтан!

-- Тэгэхлээр би чиний өмнөөс "чинийх"-ийг хайж болох л юм. Харин чи надад мэдэж байгаагаа бүгдийг биш юм аа гэхэд эхний удаад хэрэг болчихоор юм хэлээдэх. Угаасаа чи "май. энэ миний мэдэж байгаа бүх юм" гээд өч төчнөөн юм ярьсан ч гэсэн ардаа нууцаа хадгалаад үлдэх л хүн шүү дээ.

-- Хэхэ тэр ч тийм шүү. Гэхдээ би чамд мэдэж байгаагаасаа хамгийн чухал гэж бодож байгаагаа хэлье, хамгийн чухалаас нь шүү.

-- ... (Этэрнал түүн рүү харцаа шилжүүлэв)

-- Би чинийхээс зөвхөн ганц захидал аваагүй юм. Тэгэхлээр тэр захиалагч бүсгүй чинь ч гэсэн захиад захидал авсан байж магадгүй.

-- Тэгээд?

-- Юу тэгээд гэж? эхний удаад энэ хангалттай биз дээ.

-- За болиод үз. Ийм тэнэг мэдээжийн, хэтэрхий амархан олдчих дүгнэлтийг чинь ямар мэдээлэл гэдэг юм.

-- Чи ухаантай шдээ. Өөрөө цааш нь эрж хайхгүй юу.

-- За ёстой болих уу даа. Амар хялбар аргаар амьдраад байж болдоггүй яачихсан хорвоо вэ энэ чинь. Юм л бол толгойгоо ажиллуулах болчихоод байх юм. Тархи толгойгоо ажиллуулалгүй амьдраад, ажиллаад, архидаад уугаадд болоод л байсан даг. ийнхүү хэлчихээд Этэрнал гараа алдлан тэрийж хэвтээд:

-- Би ерөөсөө чамайг нэмж хэрэгтэй юм хэлтэл, бас тэр хүүхнийг мөнгө нэмж өгтөл дахиж энэ талаар бодох ч үгүй.


*       *       *


Оройн зургаа дөчин тавын үед (6 цаг 45 минут) нэгэн залуу хөвгүүн бугуйн цагаа ойр ойрхон харсаар цэцэрлэгийн урт сандал дээр ирж суув. Болзоот бүсгүйгээ хүлээн суухдаа догдлон буй нь даанч ил байв. Байсхийгээд босож сандлын урдуур холхиж нэг захаас нь нөгөө зах руу нь алхан хүрж очих ба тэндээ хүрчихээд эргээд нөгөө зах руу нь алхана. Энэ мэтчилэн өчнөөн алхаад, үүнээсээ залхах маягтай болуутаа сандал дээрээ эргэж сууна. Тэгснээ мөн л удалгүй босоод сандлын нэг үзүүрээс нөгөө үзүүрлүү алхдаг аялалаа хийх аж. Харамсалтай нь сандал төдий л уртгүй, ихээр бодоход 3 юм уу 4 хүн сууж багтахаар л хэмжээний тул хэдхэн алхаад сандлын нөгөө захад хүрчих тул олигтой алхсан ч болохгүй бөгөөд энэ нь мань хүний догдлол, туйлдлыг улам хурцлан зовоох аж.

Залуугийн байр байдал хийгээд зүс царай гэвэл ямар ч гелинд нугарч бөхийдөггүй арзгар босоо үс, яаж ч бодсон насанд нь ахадсан заваан хар сахал, хазгайдуу тавигдсан харааны шил, шоо дөрвөлжин хээтэй захтай цамц өмссөн үнэндээ бараг тохчихсон ч гэж болмоор туранхуйдуу бие хаа, харин хаа очиж бяртайдуу гэмээр хоёр сайхан хөл нь бариу хар жинснийх нь дотроос харагдана. Аа харин бүрий орохоос өмнө нүд гялбуулаад байсан тэр нэг тас хар зүйл бол түүний гялалзтал тосолсон хар гутал юм.

Догдлол, итгэл найдвараа арайхийн тогтоон барьж байгаа залуугийн доторх итгэл найдварыг гэрэлтүүлэн 7 цаг 15 минутын алдад наран шингэх зүгээс нэгэн бүсгүй айсуй харагдав. Нэг их удсангүй бүсгүй ирээд шууд хэлэв:

-- За би ирлээ шүү. Дахиад надад төвөг удахгүй байж чадна биз?

Залуу дахиад төвөг удахгүй гэж амлаж, өч төчнөөн гуйн байж сүүлчийн удаа уулзах зөвшөөрөл авсан байж.

-- Надад үнэхээр боломж байхгүй гэж үү? гэж залуу асуув.

-- Чи чинь ухаантай биш бил үү? Боломж байхгүй гэдгийг ойлгоход ухаан чинь хүрэлцэхгүй байна уу?

-- Гуйя Миш (Mish). Чи хэнд ч хайртай байтугай сайн биш, би үүнийг чинь мэднэ. Гэтэл би чамд л хайртай. Зөвхөн чамд. Чи яагаад чамд зүв зүгээр л өгөх гээд байгаа хайраас татгалзаад байгаа юм бэ?

-- Хайрыг зүгээр л нэгээс нөгөөд өгчихдөггүй юм. Хайрыг гоо үзэсгэлэнгээр л дамжуулан өгч болдог. Гэтэл чамд тийм хангалттай гоо үзэсгэлэн байгаа хэрэг үү? Тэгээд чи өгөх гэж хүсээд байгаагаа өгч чадах хэрэг үү? Үнэхээр өгч чадахаар байсан юм бол өдийд би авчихсан л байхаар байлаа шүү дээ.

-- Өөрөө чи гоо үзэсгэлэнтэй л дээ. Өөрт чинь дурласан хүн бас гоо үзэсгэлэнтэй байх ёстой гэж үү? Чиний минь гоо үзэсгэлэн чи бид хоёрт хоёуланд нь хүрэлцээтэй шүү дээ их шүү дээ. Харин миний ухаан бид хоёрт мөн л хүрэлцэхээр их биш гэж үү?

-- Хнн! Тийм л ухаантай юм бол чи яагаад гоо үзэсгэлэн гэдэг чинь ухаанаас шал одоо зүйл гэдгийг ойлгохгүй байгаа юм бэ?

-- ...

-- Үүрд баяртай гоц ухаант маанагхан минь! гэж хэлэнгээ Миш өндөр өсгийт дээрээ эргээд, үсээ хаялаад тэр чигтээ алхан одов. Үүрд хагацсан мань болзоот залуу сандал дээр лагхийн сууж хоёр гарын салаагаа хоорондоо зөрүүлээд гудайн санаашрав.

Залуугийн хойхно бутны мөчир дуугарах шиг болоход эргэн харвал:

-- Дүү хүү ахыгаа сэрээчих юм даа гэсээр нэгэн эр гарч ирэв. Хаягдсан залуу дуугарсангүй. Нойроо үргээлгэсэн "ах" хажууд нь ирээд суув.

-- Саяын хүүхэн чинь шал худлаа хүүхэн байна. Харилцаагаа эртхэн тасалсан чинь болж.

-- Та хэн бэ?

-- Нээрээ хоёулаа танилцая. Ахыг нь Алибаба (Alibaba) гэдэг. Дүү хүүгийн нэр хэн бэ?

-- Золоожижи (Zoloogg). Та биднийг нууцаар сонсоо юу?

-- Өө харин санамсаргүй л юм болчихлоо. Ах нь харин энэ хойно бутан дунд унтаж байлаа л даа. Тэгтэл дүү хүү ирчихээд ойр ойрхон алхаад мод бут хугачаад байхаар чинь сэрчихлээ л дээ. Сэрчихээд босох гэсээр байтал нэг хүүхэн ирчихээр нь яаж бас саад болохов гээд хүлээгээд хэвтээд байлаа.

-- ...

-- Дүү хүү гунихрах хэрэггүй дээ. Зовхио өөдөө байлгана шүү. Ахынх нь харснаар чи эмэгтэй хүнтэй учраа ололцохдоо жаахан маруухан юм аа даа. Уг нь энэ хүүхэнтэй ярих аргаа олж чадвал чамаас нээх зугатаад холдохооргүй л хүүхэн шиг байх юм.

Золоожижид бага зэргийн найдвар төрсөн боловч тэр найдвар нь тийм ч амар өндийж өгсөнгүй.

-- Та сая хараа биз дээ? Үүрд баяртай гэж хэллээ шүү дээ!

-- Сая бол яахав дээ. Чи анзаарсангүй юу?

-- Юуг?

-- Ээ чааваас. Шал түүхийгээрээ амьтан юм аа даа чи. Эрэгтэй хүний сэтгэлийг хүлээж авахаасаа нэгмөсөн татгалзаж байхдаа ямар ч эмэгтэй уучлал гуйх юм уу, уучлал гуйсан янзтай байдаг юм. Гэтэл энэ хүүхнийг хар. Юун уучлалт гуйх! "Гоц ухаант маанагхан минь" ч гэж хэлж байх шиг. Уг нь бол чамд санаатай байдаг, гэтэл чи дахиад л маанаг царайлчихсан болохоор чинь ингэж байгаа юм. Маанагхан гоц ухаантан минь!

-- Тэгээд би яах ёстой юм?

-- Мэдээж чи маанагтахгүй байх хэрэгтэй. Тэгэхлээр дүрэм дугаар нэг: Хэзээ ч эмэгтэй хүнтэй гоо үзэсгэлэнгийнх нь талаар гоо үзэсгэлэн гэдэг үг оролцуулж ярихгүй байх, ялангуяа магтан алдаршуулахгүй байх хэрэгтэй. Тэдэнтэй ингэж шууд ярилцах чинь хүчирхийлэн дайрахаас ялгаагүй бүдүүлэг явдал юм. Харин үүнийхээ оронд...

-- Харин үүнийхээ оронд яана гэж?

-- За хө, яг юу ч гэмээр юм бэ дээ. Мэдээж энэ бол хэдхэн үгээр хэлчих юм биш л дээ. Хоёулаа нэг газар орж тухтай сууж байгаад яръя. гээд Алибаба Золоожижигийн хариуг хүлээлгүй босов. Золоожижи ч дагаад бослоо.

Тэр хоёр орж суугаад ярилцчих газар хайхаар явав. Алибаба янз бүрээр голж шилсээр байсан тул газар хайн нэлээд явсан ба эцэст нь нэлээд тансагдуу гэмээр ресторанд оров. Алибаба ширээ олж суугаад яах ийхийн зуургүй хоёр хүнд арай л ихдэхээр хэмжээний хоол, лонх дарс, хоёр хундагатай цуг захиалаадхав. Ширээ засаад хоолоо идэж эхлэхийн өмнө, хоёр хундагаа дүүргээд нэгийг нь Золоожижид өгөөд тулгахаар өргөв.

-- Хундаганы үг болгоод нэг үг хэлье. Ах нь мөнгөгүй шдээ. Миний дүү аргалчих юм байгаа биз дээ. Дүүгийнхээ төлөө!

No comments:

Post a Comment

Note: Only a member of this blog may post a comment.