Monday, February 27, 2012

8-р бүлэг. Ду-Ра-Ки, Ду-Ра-Ки!

... WITHOUT ANY HURT.

2011 оны 6-р сарын 13

-- Хөөе Кокоро чи ойрд хаагуур яваад байв аа. За май нэг тулгачихъя. Ганцаараа уух эвгүй юм аа.

-- Би уухгүй ээ.

-- Яагаад уухгүй гээд байгаа юм? Чи чинь угаасаа уудаггүй ч бил үү?

-- Уудаг л даа, гэхдээ одоо уумааргүй байна.

-- Яасан надтай хамтай архидана гэхээр дур чинь гутаад байна уу, аль эсвэл энэ архины чанарт итгэлгүй байгаад байна уу. Аль эсвэл хоёулаа Обра дээр очиж амтат коктейлноос нь амсах юм уу.

-- Аль нь ч биш ээ хө, зүгээр л уумааргүй байна.

-- Аанха! Чи мэдчихэж тийм үү. Чамайг шал дэмий дуудсаныг, өрөө төлье гэж дуудсан минь шал худлаа гэдгийг мэдчихсэн үү тэ?

-- ...

-- Би гайхаад байдаг юм аа, Кокоро. Чамд ямар нэг юм байна. Чиний сэтгэлд хүнийг татах ямар нэг юм байна. Мэдээж хүнийг татах ямар нэг сайхан зүйл хүн бүрт байдаг. Гэхдээ чинийх шал өөр. Хүн бүрт сайхан зүйл байдаг ч тэдгээр нь маш эмзэг байдаг. Гэтэл чинийх тийм биш юм. Бүүр нэг гүн бат бэхлэгдсэн, хөдлөшгүй ганхашгүй, юунд ч бохирдож буртаглагдамгүй сайхан сэтгэл чамд байна хөөе!

-- Чамайг ингэж хэлсэн ч гэсэн би өрөө авах хэвээрээ л байгаа шүү.

-- Өө тээр. Чи ямар гэнэн юм бэ. Ямар гэнэн даруухан зан гаргадаг юм бэ. Ийм л гэнэн цайлган хүн шүү дээ чи.

-- ...

-- Үүнийг би ганцаараа ч хэлээд байгаа юм биш. Миний цорын ганц найз (чамайг эс тооцвол шүү дээ) Обра чиний талаар хачин юм хэлсэн. Чи түүнийг сандаргасан байна лээ! Юугаар гэдгийг нь бол Обра надад хэлэхгүй нуугаад байгаа юм. Гэхдээ би юугаар гэдгийг чинь мэдэж байна. Чи чин сэтгэлээрээ түүнийг айлгасан байна тийм үү!

-- ...

-- Обра бол сонин хүн. Угаасаа Обра бид хоёр хоёулаа сонин хүн. Би Обраг надад дурлахгүй гэдэгт нь итгэлтэй байдаг учраас, харин Обра намайг хэзээ үргэлж адгийн новш байж, түүнтэй хээ шаагүй харьцдаг учраас эргээгээд надтай ч гэсэн хээ шаагүй харьцаж, адгийн аашаа надад санаа амар гаргадаг учраас бид хоёр нэг нэгэндээ итгэж нөхөрлөдөг. Бидний нөхөрлөл угаасаа ийм хачин юман дээр тогтдог.

Этэрналын согтуу ярианд Кокоро уг нь тийм ч дуртай биш байсан. Ер нь Этэрналд дургүй ч гэсэн улайм цайм түүнд дургүйцэж чаддаггүй байсаар яваандаа бараг дасаж, Этэрналын амьдралд сониучирхах маягаар ханддаг болчихжээ. Этэрналаас авах өр шир тэр хоёрын хувьд зүгээр л харилцааг нь холбож буй шалтаг төдий болсоор удсан ба үүнийг хэн алин нь гадарлах тул өр ширний талаар өчнөөн яриа дэлгэлцэвч хэн нь ч жинхэнээсээ төлөлцөж, өр ширээ цайруулах талаар бодохоо больжээ. Ялангуяа Обратай учирснаас хойш Кокоро Этэрналтай ойр дотно байх гэж, мөнхүү Этэрналын этгээд хачин амьдралыг жинхэнээсээ сониучирхан бараг л сурвалжлах маягаар ханддаг болсон байв. Ийм ч учраас Кокоро Этэрналын согтуу яриаг шимтэх аястай сонсож суусан ажгуу.

Ер нь ч тэгээд Этэрнал өөрөө (Кокорог огт асуугаагүй байхад) Обрагийн талаар, Обра өөрийнх нь талаар юу гэж ярьсан талаарх яриа өрнөөд байхад Кокоро яалаа гэж энэ яриаг таслах гэж оролдох билээ дээ.

-- Тэгээд?

-- Харин тэгээд хэлээд байна шд. Чи Обрад сэтгэгдэл төрүүлсэн байна. Тэгээд Обра тэрхүү өөрт төрсөн сэтгэгдэлээсээ айсан байна. Хэнд ч итгэдэггүй Обра хэн нэгэнд итгэчихмээр санагдсандаа, гэнэтийн итгэмтгий мэдрэмжээсээ айчихсан байна. Хүндэт айлгагч минь.

Кокорогийн зүрх хүчтэй булгилж эхлэв. Этэрнал яагаад энэ бүхнийг яриад байна? Арай түүний Обрад дурласныг мэдчихээгүй байгаа?

-- Чи яагаад энийг яриад байгаа юм?

-- Чи яагаад тэгвэл энийг ярисанд гайхаад байгаа юм?

-- ... (Этэрнал муу зальны хүүдий! Хөөрхий Кокоро барьц алдан дуугүй болов)

-- Нээрээ чи Обрагийн талаар уулзсаныхаа дараа юу ч яриагүй юм байна шд. Яагаад чи ядаж коктейлнийх нь тухай сонирхон асуухгүй байгаа юм?

-- Ер нь би чамд юм ярьдагсан бил үү. Өр нэхэхээс бусад тохиолдолд чи ярьж, би сонсож байдаг шүү дээ.

Этэрналын гар утас дуугарав. Этэрнал утасруугаа хараад ирсэн дуудлагыг авах эсэхээ шийдэж ядан хэсэг байзнав. Өнөөх нууцлаг захиалагч бүсгүйн дугаар бололтой. Түүнд юу гэж хэлэх үү, ямар ямар ахиц гарсан тухай юу гэж тайлбарлах, хэдэн төгрөг нэхэхээ барагцаалав.

-- Байна уу. Холбоочин Этэрнал таныг сонсож байна.

-- Сайн уу, би өөрт чинь захиалга өгсөн хүн байна, намайг таниж байгаа байх гэж найдаж болох уу?

-- За байз юу билээ. Уучлаарай би нэлээдгүй захиалгатай байгаа болохоор яг сайн таниж өгөхгүй байна л даа. Яг хэн нь вэ? (Этэрнал албаар мэдэн будилав)

-- Хоёр долоо хоногийн өмнө, "чинийх"-тэй холбогдох захиалга өгсөн эмэгтэй. Яагаав, та намайг үдэж өгөхдөө хаалгаараа гаралгүй тагт дамжин бууж ирсэн?

-- Аа тэгвэл би танилаа. Таний захиалга маш амжилттай байгаа.

-- Тийм үү, та тэгээд арай "чинийх"-ийг олчихсон юм биш биз дээ.

-- Арай л олж амжаагүй байна.

-- Өө. Гэхдээ таныг урагшаа нэлээн ахисан байх гэж найдаж байгаа шүү.

-- Уг нь олсон, илрүүлсэн юм ганц хоёр бий. Гэхдээ миний арай мэдсэн юмыг та аль хэдийн мэдэж байгаа болохоор жаахан гонсгордуу л байна.

-- Юуг?

-- "Чинийх"-ээс танд бичсэн захидлууд нэгээр тогтохгүй олон бий гэдгийг.

-- Энэ тухай би танд хэлэхээ мартчихсан байна лээ. Уучлаарай.

-- Өөр бас нэг чухал сэжүүр гэвэл, "чинийх" танаас өөр хүн рүү бас яг ижилхэн захидал явуулсан байж тун магадгүй санагдсан.

-- ...

-- Тэгэхлээр нөхцөл байдал бидний бодсоноос төвөгтэй байж мэдэхээр байна.

-- ...

-- Та надад шаардлагатай мэдээллүүдийг нэмж өгөх хэрэгтэй байна. Бас мэдээж би танаас өмнө авсан мөнгөө үрээд дуусгаж байгаа.

-- Таныг ийм хол явна санасангүй. Та үнэхээр мэргэжлийн холбоочин юм. Танд одоогоор өгч чадах нэмэлт мэдээлэл гэвэл, би эхлээд таныг "чинийх" байж магадгүй гэж бодож байлаа, гэтэл биш гэдгийг би мэдсэн. Харин одоо нэг хүнийг "чинийх" байж магадгүй гэж бодож байгаа. Та тэр хүнийг олоод "чинийх" мөн бол надтай холбоод өгөөч?

-- Ямар хүнийг?

-- Жокер (Joker)

Этэрнал энэ нэрийг сонсоно гэж бодсонгүй. Энэ захиалагч яагаад заавал энэ хүний нэрийг дурдав? Арай тэр түүний (Этэрналын) өмнөх амьдралын талаар мэдэж байгаа юм биш биз дээ?

-- Уучлаарай хэн гэсэн бэ? Жоки гэсэн үү?

-- Та энэ нэрийг мэдэх л учиртайсандаа. Хөгжмийн ертөнцийн домогт дөрвөн тэнэгийн талаар мэднэ биз дээ?

Энэ захиалагч хэтэрхий их юм мэдээд байна! Яадаг билээ! Мэдэн будилаад өнгөрөөвөл ямар ч хэрэгцээгүй өөрийгөө л хуурсан болчих юм болов уу. За юу ч гэсэн жаахан азная.

-- Юу билээ, нэг л санаанд орохгүй байх чинь.

-- Яалаа гэж дээ, та санах учиртай. Домогт дөрвөн тэнэгийг. Бас Жокер тав дахь нь гэдгийг ч мэдэх л учиртай даа.

Гарцаагүй мэдэж байгаа болж таарлаа! Яах уу? Яавал дээр үү?

-- Хмм, за би ямар ч гэсэн Жокерийг хайж үзье. Танаас харин мөнгөө яаж авах уу?

-- Би гэрт чинь үлдээчихсэн байгаа. Яг өмнөх шигээ ширээн дээр чинь орхисон.

Тэгээд захиалагч утсаа таслав. Этэрнал тэр дороо тэндээс гараад гэрлүүгээ яарав. Гэртээ очоод орвол үнэхээр ширээн дээр нь мөнгө байв. Захиалагч гэрт нь дураараа орж чадсан байна. Бас өмнөх амьдралыг нь сануулсан үг хэлж байна. Этэрнал цаашид амар хялбар амьдраад байх аргагүй болсныг ойлголоо. Бас захиалагч бүсгүй түүний өрөөг цэвэрлэж цэгцлээд эмх цэгцэнд оруулсан байв.

"Ямар их зав бэ! Ийм өрөөг цэгцэлж л байдаг. За за яалт ч байхгүй өөрийгөө жаахан дайчлах болох нь дээ. Уучлаарай тархи толгой минь, би чамайг жаахан дайчлах болох нь байна шүү" Этэрнал ганцаараа ярьж дуусаад өрөөн доторхыг нямбайлан нурааж эхлэв. "эмх цэгцийг үзэн ядаж байна, тэгсэн ч гэсэн надад эмх цэгц хэрэгтэй байна." гэж үглэсээр тэгсэн хэрнээ ер бусын тайвнаар эд юмсаа өчүүхэн ч сүйтгэж гэмтээлгүй нэг нэгээр нь аваад буулгаад урууг нь юм уу, хажуугаар нь тавих гэх мэтээр шаргуу нь аргагүй өрөөгөө "бусниулж" эхлэв.

"Дотоод эмх цэгцийн төлөө, гадаад эмх цэгц алдагдаж байдаг. Гадаад эмх цэгцийг тогтоон барихын тулд бид дотоод эмх цэгцээ нурааж байдаг. Харин одоо надад дотоод эмх цэгц хэрэгтэй байна. Уучлаарай чамайг золиослоё гадаад эмх цэгц минь." гэж ганцаараа ярьсаар Этэрнал өөрөөгөө бусниулж дуусгав. Гагцхүү мөнгө тавьсан ширээ л хуучнаараа үлдэв. Мөнгийг аваад ширээгээ аажуухан хажуулдуулан онхолдуулж тавив. Өөрөөгөө гүйлгэн харав. Ямар нэг эмх цэгц хадгалагдан үлдсэн юм шиг санагдаад сэтгэл нь ханасангүй. "өө энийг мартчихсан байна шд" гээд боодолтой мөнгөө задлаад дээш нь цацав.

Эмх цэгцгүй өрөөндөө энд тэндгүй асгарсан мөнгөн дунд Этэрнал согтуу хэвтээд эрч хүчээ оргилохыг хүлээн байлаа.

2007 оны 12-р сарын 01
Улаанбаатар хот, UB-Palace-ийн Royal танхимд. Playtime 2007 хөгжмийн наадам дээр.

Бүгд л одоо тэднийг гарч ирнэ гээд сэтгэл догдлон хүлээв. Домогт дөрвөн тэнэгийг тайзан дээрээс дахиад харна гэхээс хүн бүрийн сэтгэл догдолно. Хүлээж байсан дөрвөн тэнэг маань тайзан дээр гарч ирэв. Хоёр нь улаан, хоёр нь хар хувцастай бөгөөд, хоёр улааны нэг нь зүрх, нөгөө нь дөрвөлжин дүрс бүхий хээтэй хувцас, мөн тийм баг, хоёр харын нэг нь цэцэг, нөгөө гилбэрийн дүрс бүхий хээтэй хувцас, мөн тийм баг өмсчээ. Нэг үгээр хэлбэл тэд хөзрийн дүрсүүд бүхий хувцас өмссөн байлаа.

Тэд эхлээд үзэгчид рүү тоож ч харсангүй өөрсдийнхөө хөгжмөө шалган үзэцгээв. Харин үзэгчид хоолой нийлүүлэн, нэгэн хэмнэлэээр "Ду-Ра-Ки", "Ду-Ра-Ки" хэмээн орилсоор. Хамтлагийн ахлагч Диамонд (Diamond) (дөрвөлжингийн хувцастай нь) гитараа барьж урагшлан хамгийн алдартай дууны эхлэлийг тоглов. Үзэгчид доргин хашгирцгаав.

Бөмбөрчин Хөарт (Heart), төгөлдөр хуурчин Клаб (Club), гитарчин Спайд (Spade) нар бүгд байрлалаа эзэлжээ. Тэд байлдан дагуулахад, үзэгчдийн хөөрлийг галлан дэврээхэд бэлэн болжээ.

Яг энэ үед голын микрофон сул байсныг үзэгчид эхэндээ анзаарсангүй. Хөгжим эхлээд удалгүй тайзны араас нэг этгээд гарч ирээд голын микрофон дээр дуулж эхлэв.

Биеийг нь нэлд нь барьж биеийн галбирийг нь гаргасан ногоон хувцастай, нүүрээ нилд нь цагаанаар будаж уруулаа будгаар дарвайлгасан хачин тэр этгээд гэнэтийн өндөр хоолойгоор дууг эхлүүлэн цаашлан үзэгчдийг алмайртал, алмайрснаа анзаарангуутаа больж улангасан орилтол, тэднийг галзууртал дуулав. Энэ этгээд бол Жокер байлаа.

Жокер дуулж дуусаад, өөр хэдэн дуу залгуулан дуулав.

Энэ хооронд үзэгчдийн дундах нэг охиныг онцгойлон дурдах хэрэгтэй болох нь. Тэр охин "Дураки" хамтлагийн дууг сонсох үнэхээр дуртай бөгөөд гоцлол дуучин Диамондын хоолой асуудалд орсныг сургаар мэдсэн тул (үнэхээр л үнэнч фен учир яаж ийж ийгээд мэджээ) санаа зовж байжээ. Тийм ч учраас Жокерыг гэнэт гарч ирээд дуулахад цочирдсон боловч тэр дорхноо л түүнийг аврагчаа гэсэн мэдрэмжтэйгээр хүлээн авав. Угаасаа Жокерын хоолойд нэг онцгой юм байгааг охин мэдрээд байв.

Жокерын хоолой үнэхээр сайхан юм. Охин энэ хоолойнд автаж байгаагаа мэдрэв. Тэр энэ хоолой, түүнээс гарах эгшиг аялгуунд тэр дорхноо живэх мэт болоод иржээ. Яагаад ч юм дотроос нь, доороос нь нэг юм оргилж ирээд охиныг нөмрөн авахад тэр өөрийгөө живж байгаа гэж бодох болов. Тэр энэ дуунд, Жокерын дуулах дуунд живж, хөл алджээ. Охин удалгүй давчдаж эхлэв. Ийм сайхан аялгуу агаарт түгэж байхад тэр яагаад зүгээр л зогсоод байх гэж?

Тэр зогсоод байж чадсангүй. Үсрэн дэвхцэв. Ямар гоё юм бэ! Ийм тансаг нарийн хоолой. Тэгсэн хэрнээ цаанаа л нэг сүр жавхлантай, эрдүү сүрлэг хоолой. Тайзан дээрээс асгарах тэр хоолой яасан гоё юм бэ. Энэ хорвоог тэр хоолой бүхлээр нь хучин эзэгнэж авах шиг болов. Бүх юм л тэр хоолой болох шиг. Үгүй ээ тэр хоолой яг л бүх юм болсон юм шиг. Яг л далай шиг. Харин охин загас шиг. Далайд живээд ч байгаа юмшиг, тэгснээ хөвөөд байгаа юмшиг. Тэгснээ нисэх мэт хурднаар сэлэх мэт. Загас л далайд яг ийм байдаг байх! Бүх л зүйл тэр хоолойн аясаар, тэр далайн давалгаалах аясаар. Тийм уянгалаг аясаар нь...

Охины нүдэнд Жокер харагдахаа байв. Харин түүний оронд ер бусын гоо сайхан зүйл харагдах шиг болов. Түүний өмнө нь огт харж байгаагүй өнгө дүрсүүд болон харагдах шиг. Тэгээд тэр өнгө дүрсүүдэд татагдаж эхлэв. Энэ үед охин үсэрч дэвхэцсээр хөлөрсөн байж. Хөлөрч наалдсан хувцаснууд нь биеийг нь барьж эхлэв. Түүнд тайлах сөхөө байсангүй. Үсрэх дэвхцэх бүр биеэр нь гүйдэл гүйж байлаа. Жокерийн хоолойноос гарсан аялгуу цахилгаан гүйдэл болон түүний биеэр гүйж байлаа. Энэ гүйдэлд цохиулаад охин тас тас хөхрөн хөл дээрээ зогсох тэнхээгүй болон ойчлоо. Тэрийн хэвтээд тэр өөрийгөө Жокерт хайртай гэж бодлоо. Жокерт хайртай хайртай. ХАЙРТАЙ!

Охин дур ханасан байв.

No comments:

Post a Comment

Note: Only a member of this blog may post a comment.