Monday, February 13, 2012

6-р бүлэг. Уучихсан байнашдээ, уучихсан байна!

... WITHOUT ANY PURPOSE.

Золоожижи очоод юу ч хэлэлгүй Алибабагийн сүүлчийн захидлыг өгөв. Бүсгүйг захидлыг уншаад инээмсэглэхэд нь ширээнд нь суугаад хамтдаа хүлээхээр болов. Тэр хоёр хоорондоо юу ч дуугарсангүй. Гагцхүү Алибабаг хүлээж байлаа.

Алибаба нэмж хундага захиалаад үлдсэн дарсаа хоёр хундаганд хувааж хийв. Төлөвлөсөн юм шиг яг сайхан таарав. Хоёр дарсны хундагаа гарын салаандаа өлгөж бариад, нөгөө гараараа ширээнээс тулсаар босов. Алибаба яльгүй согтсон бололтой. Алхахдаа үл ялиг ганхах боловч яаж ийгээд гар дахь дарсаа асгахгүй байж чадаад байв.

Бүсгүй дээр ирээд:

-- Уучлаарай та энэ нэг хундагатайг барьж байхгүй юу.

-- За би ийшээ суучих уу.

-- За тулгах уу? Юуны төлөө тулгах вэ?

-- Уйтгарт нууцны төлөө юу? Уйтгаргүй инээмсэглэлийн төлөө юу?

Бүсгүй үгэнд нь инээмсэглэв. Хундага харшуулан тулгах чимээ удалгүй гарав. Алибаба дарсаа тэр дор нь уугаад хундагаа ширээн дээр тавив. Харин бүсгүй жаахан амсаад буулгав.

-- Уучлаарай бүсгүй тантай танилцах хэмжээний зоригтой болохын тулд бүтэн дарсны ард гарах хэрэгтэй байлаа л даа. Зоригт эрийнх нь нэрийг Алибаба гэдэг. Харин таныхыг?

-- Энжи (Anjie)

-- Гайхалтай нэр байна. Яг одоо зоригт эр нь хэнээс ч асуулгүйгээр дур мэдэн энэ суудал дээр суулаа шүү! (Бүсгүй инээмсэглэв, Алибаба суув)

-- Шууд ажил хэрэгтээ оръё. Ухаалаг биш гэдэг маань угаасаа тодорхой. Зоригтнууд хэзээ ч ухаалаг байдаггүй.

-- Харин та? Таны уйтгар? Та үнэхээр уйтгарлаагүй хэрэг үү? Уйтгартай гэж би андуурсан гэж үү?

-- Ийм зоригтой бас ухаалаг эрийн хажууд ямар эмэгтэй нь уйтгарлах вэ дээ?

-- Байз! Хэдхэн инээмсэглэсний чинь төлөө уйтгаргүй юм байна даа гэж андуурна гэж бодоорой. Уйтгарт бүсгүй минь.

-- Увайгүй гүтгэлэг! гэж хэлээд бүсгүй тас тас хөхрөв.

-- За за. Гүтгэснийг минь өршөө.

Алибаба Золоожижи рүү харав. Цаадах нь овоо зориг орчихсон, сониучирхан харж байв. Золоожижид "сургалтын" нөхцөл байдлыг бүр хүндрүүлж харуулмаар санагдаад ирэв. Тэр даруй нөхцөл байдлыг хүндрүүлэх ажиллагаандаа орлоо.

-- Бүсгүй тантай энэ хүүг танилцуулахыг зөвшөөрнө үү. Миний хүү юм. Аавынхаа царайг авсан гэж хэлж чадахгүй л дээ, гэхдээ ухааныг нь бол өвлөсөн гэдэгт бардам хэлж чадна.

Золоожижи гайхлаа. Бас юун хүүхэд вэ! Харин бүсгүй Золоожижигээс Алибабагийн талаар хальт дуулсан, басхүү Золоожижигийн хачирхан харж байгааг анзаарсан тул, Алибабагийн тоглоомыг төвөггүй ойлгов.

-- Өө тийм үү. Та чинь тэгвэл дагавар хүүхэдтэй юм биз дээ. Дагавар хүүхдээ дагуулж яваад бүсгүй хүнтэй танилцана гэдэг ямар их зориг вэ.

-- Өө тэгэлгүй яахав. Харамсалтай нь тийм. Миний муу хүү. (Золоожижигийн толгойг татаж авчраад зулайг нь үнэрлэв)

-- Та хэдтэй вэ? Таны хүү хэдтэй вэ?

Алибаба барьц алдлаа. Энэ хүртэл явна гэж бодсонгүй. Сургалтыг хүндрэлтэй нөхцөл байдал дунд ингэтлээ хол явна ч гэж бодсонгүй. "За юу гэж хэлэх вэ? Энэ жаал бид хоёрын насны зөрүү үсрээд үсрээд 10" гэтэл яаж 10-хан настайдаа аав болсон гэж худлаа залах вэ дээ.

-- (Золоожижи рүү хандан) Хүү минь чи чинь хэдтэй билээ. (Энжи рүү хандан) Хүүгээ өргөж авсан болохоор төрсөн оныг нь яг таг мэддэггүй юм аа.

-- 16-тай. (Золоожижи дүрдээ оржээ!)

-- Ай мөн сайхан нас шүү. (Алибаба насаа хэлсэнгүй!)

Энжи Алибабаг барьц алдуулсандаа яагаад ч юм баярлав. Бүүр их барьц алдуулан зугаацмаар санагджээ.

-- Би жаахан гайхаад байна л даа. Та яг тэгээд аав нь мөн үү?

-- Яагаад биш байхсан билээ?

-- Үгүй ээ яахав дээ. Энэ залуу өөрөө танд нарийн ширийн юм яриагүй юу?

-- Юуг?

-- Намайг ээж нь гэдгийг!

Алибаба тэр чигтээ улайм цайм бантсан царай тодруулсаар Золоожижи рүү харав. Яг ингээд цаашаа харахад нь Энжи Золоожижи рүү нүд ирмэж амжжээ. Золоожижи Алибабагийн өөдөөс чимээгүй инээмсэглэв. Тэгтэл тэр инээмсэглэл нь Алибабаг ниргэх шиг болов.

"Тэгнэ ээ тэр. Энэ муу жаал, түрүүнээс хойш энэ хүүхэн рүү очиж өгөхгүй маяглаад, цаанаа нэг сонин байсан нь ийм учиртай байж!... Ямар тэнэг юм бэ. Ёооё!"...

"Байз! Би өөрөө ямар тэнэг юм бэ. Энэ хоёрыг ээж хүү хоёр гэж итгэж л байдаг. Ёстой тэнэг юм аа!"

-- Ёстой хэлээгүй шд. Тэгээд ч таны болоод энэ хүүгийн нас хэд билээ дээ.

-- Аан тийм л дээ. Гэхдээ би түүнийг өргөж авсан юм л даа. Тэгтэл та бас өргөж авсан гээд байдаг. Би бүүр гайхаад л...

"За больё! Энэ хүүхэн, жаал хоёр нийлээд намайг бүрнэгмөсөн даапаалаад авъя гэж шийдсэн бололтой. Ээж нь бол угаасаа биш. Гэтэл эгч нь ч юм уу, таньдаг эмэгтэй нь байсан бол яана. Тийм бол над шиг өргөмөл аавтай биш гэдгийг нь мэдэх нь зайлшгүй. Тэгээд нөгөө айхтар зоригт мундаг эр нь тэр дорхноо увайгүй худалч болж шалдаа буух гэж! Нэгэнт дууссан. Нэгмөсөн гүрийгээд л өнгөрөе!"

-- За та ээж нь юм байж. Би аав нь юм байна. Энэ муухай жаал хүүхэд нь юм байна. Бид гурав тэгсэн хэрнээ нэг гэр бүл биш байдаг. Үгүй ээ мөн сонирхолтой явдал аа!

Бүсгүй Алибабаг барьц алдуулсандаа ёстой нэг бах нь ханаж байлаа. Инээдээ тэсэж чадсангүй:

-- Үгүй чи юу яриад байгаа юм бэ. Уучихсан байна шдээ, уучихсан байнашд хүүр чинь! Гэр бүлээрээ арай гэж цуглачихаад байхад уучихсан байдаг! Алив хэнтэй, хаана уусан бэ, хэлээд аль! гээд уурлаж байгаа дүрийг эсгэн тас тас хөхрөн инээв.

-- Энэнтэй цуг уусан. (Золоожижиг заав)

Бүсгүй энэ удаа инээдэндээ гар хөлөө оролцуулахаас өөр аргагүй болов. Гараараа ширээ алгадаж байгаад сүрхий чанга инээж байгаад тэнд байгаа бүх хүмүүсийн анхаарлыг татаадхав. Тэр гурав энд удаан байх аргагүй болжээ.

Удалгүй манай гурав тэндээс гарав. Золоожижи голд нь, хоёр захад нь Алибаба, Энжи 2 нэг нэг гараас нь барьчихсан тэр гурав алхаж байв. Орой болсон боловч гадаа дулаахан ба тэнгэрт битүүрэх дөхсөн жижигхэн сар гарчээ. Түрүүхэн Золоожижигийн хаягддаг цэцэрлэгийн замаар алхаж байлаа.

Золоожижи мөнгөө шавхсан тул таксиний мөнгөгүй бол тиймээс үүнээс оройтоод дэмий, гэрлүүгээ харих хэрэгтэй гэж бодлоо.

-- Ээж! Аав! Орой болсон байна. Одоо харьцгаах уу?

-- Болоогүй ээ миний хүү.

-- Ээж энэ аавыг хардаа. Намайг хариулахгүй гэнэ ээ.

-- За за тэгвэл миний хүү харьж байх уу?

-- Энэ аавыг яах юм бэ?

-- Аав нь яасан юм? Зүгээр л байна шд. (Алибаба гадагшаа гараад салхинд цохиулсных, бүүр согтжээ)

-- Би аавыг хүргээд өгчих үү?

-- Тэг тэг.

-- Аав танайх хаана юм бэ?

-- Манайх нөгөө сандалны ард шдээ.

-- Ямар сандал?

-- Тэр сандал.

Алибаба гараараа заав, Золоожижи саяхан хаягдсанаа эргэж санав. Түүнд нөгөө түрүүний гуниг гутралаас ул мөр үлдсэнгүй бөгөөд тэр огтхон ч өнөөх дурлалынхаа талаар бодож шаналсангүй.

Тэр гурав тэр сандалны хажууд очоод сууж амрав. Алибаба өнгөрсөн шөнө бүгчимдээд нойргүй хоносон, үүрээр гарч ирээд баахан явж байгаад энд ирж унтсан. Тэгээд өөр юм санахгүй байна. Очих газраа маргааш л олохоос өөр аргагүй гэж зүтгэсээр байгаад сандлын арын зүлгэн дээр гарч унтахаар болов. Харин Энжи Золоожижиг унаанд суулгаж өгөөд цаашаа өөрөө явчихаж чадна гэсээр тэр гурав салцгаав.

Энжи Золоожижиг суулгаж өгчихөөд, Алибабаг үнэхээр гадаа, зүлгэн дээр унтаж байгаа эсэхийг шалгахаар буцаж явав. Очтол хүн алхах чимээнээр Алибаба сэрээд Энжиг дуудав.

-- Хөөе Энжи, чи манайхаар ороод гарахгүй юм уу. Одоохондоо цай цүүний юм алга л байна. Гэхдээ сэтгэлээрээ урьж байгаа юм шүү.

Энжи зүлгэн дээр гарлаа.

-- Чи үнэхээр энд хонох юм уу.

-- Тэгэлгүй яахав. Энд гоё байгаа биз дээ. гээд гараа алдлан хэвтээд тэнгэр ширтэв.

Энжи хажууд нь ирээд суухад:

-- Баруун гарыг минь дэрлэх үү, зүүн гарыг минь дэрлэх үү? Одоохондоо өөр сонголт даанч алга даа.

-- Аль нь ч яахав дээ. гээд Энжи хажууд нь баруун гарыг нь дэрлээд ойртон хэвтэв.

Тэр хоёр чив чимээгүй тэнгэрийг ширтэн хэвтэж байлаа. Тэнгэр дүүрэн одод. Тэднийг ширтээд л баймаар байжээ.

Энжи гэнэтхэн:

-- Шөнө солонго гардагт чи үнэмшдэг үү?

-- Гардаг ч гэж бодож байгаагүй юм байна.

-- Гардаг л юм даа гэвэл чи үнэмших үү?

-- Үнэмшие даа.

-- Өө чи яасан мангар юм бэ. Үзэхээс нааш үнэмшихгүй гэхгүй дээ.

-- Тээр би чамд өөрийгөө ухаалаг биш гэж хэлээ биз дээ. (хоёул инээлдэв)

...

-- Орой боллоо шд, чи явахгүй юм уу?

-- Бороо намдахаар явна аа.

-- Хаана бороо орж байгаа юм?

-- Энд тэндгүй л орж байна шүү дээ.

-- Үгүй байлгүй дээ.

Алибабаг өндийгөөд харвал бороо орж эхлэв. Бороон дуслууд, сар оддын урдуур газар луу яаран зүтгэлэвч, тэдэн дээр огт тусахгүй тэднээс хэдхэн зуун метрийн цаана унаад, салхиар үнэр нь ирж байв. Бороо яг л тэднийг тойроод орж байгаа юм шиг байлаа.

Бороо намдахаар солонго гарна гэж Алибаба итгэж байв.

1 comment:

  1. Вахахаха~~~!!! Зөндөө их инээлээ~~~!!! Корэ ва ST гэр бүл жанээка~~~!!!

    ReplyDelete

Note: Only a member of this blog may post a comment.