Monday, March 5, 2012

9-р бүлэг. Би чам руу очиж явна

... IT IS ELEMENTARY MY DEAR!

"Хүүхэн" хэвтээд л байлаа. Тэр хаана байгаагаа мартчихаж ээ. Мартахаас ч аргагүй байж. Учир нь түүний харж байгаа зүйлс нь түүнийг хаана байгааг нь сануулахын аргагүй өөр зүйлс байв. Тэр их хачин зүйлс харж байлаа. Эргэн тойрон элдэв янзын өнгө бөөгнөрөн хөвж байна. Өнгөнүүд дангаараа дүрс үүсгэлгүй байна гэдэг тун хачин аа? Гэтэл тийм л хачин юм болоод байв. Өнгөнүүд бөөгнөрөн хөвж байв.

Жокерын дуу дуусахад найзууд нь түүнийг анзаарав.

Гэзэг үс нь задраад, өрөөсөн хөлөө өвдгөөр нь нугалаад хэвтсэн түүнийг хамт явж байсан 2 найз нь яасан? ийсэн? зүгээр үү хэмээн татаж босгох гэв. Бүсгүйн нүдэнд найзууд нь харагдахгүй байв. Харин оронд ер бусын ногоон, улаан, хөх, шар өнгөнүүд хөвж харагдаж байв. Хачирхалтай нь бүсгүй энэ бүхний учрыг огт ойлгосонгүй. Гэнэт сэхээ аваад ер бусын тааламжит өнгө дээгүүр нь хөвж байгааг харлаа. Тэр өнгө хаанаас гараад байгааг дагуулан харав. Тааламжит өнгийг цацраагч тэр зүйл ялимгүй цаашлан байснаа өөр нэг өнгөний араар ороод алга болов. Тэгсэн ч бүсгүй тааламжит өнгийг цацраагчийг хэзээ ч марталгүйгээр тогтоож авав.

Энэ үед Жокер тайзнаас дөнгөж сая буусан ба үзэгчид "Ду-Ра-Ки", "Ду-Ра-Ки" хэмээн орилж байв. Гитарчин Диамонд микрофон шүүрч аваад: "Одоо болно оо тэнэгүүд ээ!" хэмээн хашгирав. Үзэгчид бүр ихээр "Ду-Ра-Ки", "Ду-Ра-Ки" хэмээн орилов. Диамонд үргэлжлүүлэн: "За тэнэгүүдээ одоо Жокер, Жокер гээд орилоодох, үгүй бол бид буулаа шүү" гэж хашгирав. Үзэгчид "Жокер, Жокер" хэмээн чангаар хэд хэд орилов. Диамонд:

-- Тэнэгүүдээ та нар Жокерт хууртлаа. Тэглээ ч гэсэн бид буух болно. гэж мушилзан хэлээд тайзны араар ороход Клааб (цэцэг) араас нь оров. Харин Хөарт (Зүрх) цохиур барьсан гараа зөрүүлж барьснаа хоёр тийш нь алдлан бөмбөрийн цохиураа хоёр тийш нь, үзэгчид дунд шидээд, бөхийн ёслоод тайзны араар ороход нь, Спайд зууж байсан тамхиа яаруу гэгч нь хоёр удаа сорж аваад үзэгчид рүү нясалчихаад бусдынхаа араас тайзнаас буув.

Энэ хооронд бүсгүйн хоёр найз бүсгүйг гайхан ажиж байв. Арга ч үгүй л дээ. Босох ч гэж хичээлгүй, хөлөө жийж суучихаад, гайхширсан байдалтай ямар нэг чигт удаанаар харснаа болингуутаа өөрийнхөө гарыг сониучирхан хараад, өргөж нэг үзээд, янз бүрээр савчиж нэг үзээд тэр бүрийдээ гараа дагуулан өнөөх хачин гайхширсан байдалтай харцаараа хараад байв. Найзууд нь өргөөд босгосон боловч зогссонгүй. Шууд явган суугаад, 2 гараа ардаа тулаад айсан байдалтай эргэн тойрноо харав. Босоод зогсчихвол ямар нэг юмнаас уначих юм шиг байгаа бололтой. Гэсэн ч удалгүй зориг орсон бололтой өөрөө босож зогсов.

Хэдий босоод зогссон ч гараа урдаа савчуулан хүмүүсийг самардах юм уу, түлхэх байдлаар тэмтчин алхаж эхлэв. Гайхсан хоёр найз нь түүнийг хөтлөөд авч явах болов. Тэр 3 тоглолтноос гараад такси барин бүсгүйг гэрт нь хүргэв. Гэрийнхэн нь яасан ийснийг нь асуусан боловч хөөрхий хоёр найз нь тоймтой юм юу ч хэлж чадсангүй. "Хамт тоглолт үзэж байсан, нэг мэдсэн чинь уначихсан байсан" гэснээс хэтрүүлж юм хэлэх гээд, хэлэх гээд үнэхээр чадсангүй.

. . .

Хөөрхий бүсгүйг хэд хоногийн дараанаас бүгд солиорсон гэж бодох болжээ. Гэвч үнэндээ тэр галзуурч солиорсон юмгүй зүгээр л аура хардаг болсныг нь хэн ч мэдсэнгүй, тэр дундаа "хүүхэн" өөрөө ч мэдсэнгүй ажээ.

2011 оны 6-р сарын 13
Дөнгөж саяхан эмх цэгцтэй байсан боловч бусниулагдан, өөр эмх цэгцийн төлөө өөрийнхөө эмх цэгцийг алдсан хөөрхий тэр өрөөнд, энд тэндгүй хөглөрөх 20000-тын дэвсгэрт дунд Этэрнал хэвтсээр байлаа.

Хэрвээ би өөрийгөө дайчлах л юм бол, өөртөө жаахан зүдгүүр үүрүүлэх л юм бол, өөрийгөө эрхлүүлэлгүй ганц хонох л юм бол өнөөх гайтай өвчин дахиад сэдэрнэ. Тэгээд би шөнө өнжихгүй "түүнийг" "нойтноор" зүүдэлж эхлэх болно.

Ингэхэд би түүнийг үзэн ядах ёстой юм уу, хайрлах ёстой юм уу. Үгүй ээ яаж би түүнийг хайрлах юм бэ, амьдралыг минь ийм аймшигтай там болгосон хүүхнийг! Түүний тухай бодлоосоо, түүнийг хүссэн хүслээсээ зугатаасаар архичин болж гүйцэх нь. За бараг гүйцэж байгаа байх өө гэж өөрийгөө тавлан мушилзав. Ийнхүү мушилзсанаа гэнэтхэн сүрхий гунигт автав.

Гэхдээ би түүнд л биш юм бол өөр хэнд хайртай гэж? Түүнийг л биш юм бол өөр хэнийг хайрлаж чадна гэж? Түүнийг хайрламаар санагдсанаасаа би няцаж чадах юм уу, түүнийг хүсэмжлэн тачаадаж байгаагаа ялж үгүйсгэж чадах юм уу? Тийм чадал байна уу, надад. Үнэхээр л байсан бол аль дээр л чадчих байсан. Мартчих байсан. Түүнийг!

Хэрвээ "ахмад"-д ийм асуудал тулгарсан бол яах байсан бол? гэсэн асуулт Этэрналд өөрийн эрхгүй төрөв. Тэр ямар ч байсан дайраад л орох байсан. Над шиг эргэлзээн дунд хэдэн жилийг өнгөрөөхгүй байсан.

Үгүй ээ яг ч бас тийм биш юм байна. Би хов хоосон эргэлзэж цаг алдаагүй. Надад хамтрагч хэрэгтэй. Түүнийг оллоо ч гэсэн түүний тэр арганд дахиад орж болохгүй, дор хаяж хоёулаа байх хэрэгтэй. Гэхдээ хэнтэй хамтарна гэж? Ахмадтай? Өө нээрээ тийм. Би үүнийг өмнө нь бодож байсан юм байна. Би чинь ахмадыг хүлээж байгаа шүү дээ. Ахмад... Ахмад арай л удаан алга болж байна шүү. Хичнээн ч жил өнгөрчихөв. Холбоочин байхаас залхаж байх чинь, ахмад л ирчихвэл.

Ахмад эсвэл өөр хамтрагчтай болчихсон юм болов уу. Магадгүй л юм. Тэгвэл би яагаад өөр хамтрагчтай болж болохгүй гэж? Бас л өмнө нь бодчихсон. Нэгдүгээрт ахмад шиг мундаг ахлагч олдохгүй, хоёрдугаарт тэнэгүүдэд намайг ахлахыг би яасан ч зөвшөөрөхгүй. Тэгээд ингээд л мухардаад байсан.

Гэхдээ би ганц хувилбарыг шалгаж үзэхээс үргэлж тойрч зугатаж байсан. Энэ хувилбарыг сонгохоос өөр аргагүй болсон гэж үү? Би ахмадын мэргэн удирдлаган доор ажилласаар дассан учир ахмадаа хүлээхийг л чухалчилж байсан. Би өөрөө ахлагч болдог ч юм бил үү.

Өө лай лай. Угаасаа хэнийгээ ч ахалж, хэнтэйгээ ч хамтарч ажиллах билээ. Үнэхээр тийм итгэл даачихаар, ур дүйтэй хамтрагч олох гэдэг ч хэцүү шүү. Хмм. За яахав тийм хамтрагч олдлоо гэж бодъё, хэрвээ үнэхээр тийм хамтрагч олдвол би өөрөө хамтран ажиллахад бэлэн үү?

"Өө энэ чинь амархан шүү дээ Этэрнал" гээд инээмсэглэн ярьж буй ахмадынх нь үг санаанд нь буув. Ахмадын хэлдэгээр үнэхээр амархан гэж үү...

Этэрналын бодлыг тасалдуулан хаалга нүдлээ. Хэн байдаг билээ гэсээр очоод хаалгаа нээвэл Кокоро зогсож байв.

-- Чи зүгээр үү? гэж Кокоро асуув.

-- Зүгээр. Чи яах гэж ирээв?

-- Зүгээр. Яасан ирж болохгүй юу.

-- Хмм. Бололгүй яахав. Чи ерөөсөө манайд зүв зүгээр, их олон удаа дандаа л зүгээр ирээд байж чадах уу?

-- Юу гэсэн үг үү?

-- Надад чамтай хийх нэг ажил байна. Чи надад зав гаргах хэрэгтэй байна.

-- Харин надад чамтай хийх ажил байхгүй. Би өөрийн гэсэн ажилтай.

-- За яахав тэгвэл дахиад өөр ажлын санал. Обра бид хоёр нэг юм төлөвлөж байгаа, чи түүнд туслах уу.

-- Яагаад заавал би гэж? (Хаха. Этэрнал Кокорогийн сул талыг зөв олж хатгасандаа баяслаа. Дахиад жаахан ятгачихвал Кокоро яг зөвшөөрөх юм байна гэж Этэрнал бодов. Этэрналд Кокорог хамтрагчаараа сонгох бодол хаалга нээнгүүт нь төрсөн байв. Ахмадынхаа хэлсэн үгийг эргэцүүлэн бодож байхад нь орж ирсэн болохоор ч тэр үү Кокоро яагаад түүний хамтрагч байж болохгүй гэсэн бодол түүнд төржээ. "Дан ухаанаар юуг ч шийдэж чадахгүй, зөн совиндоо итгэж, цаг тухайд нь эрс шийдэмгий шийдвэр гаргаж байя, яг л ахмад шигээ" гэж Этэрнал бодсоор Кокорог хамтрагчаа болгохоор нэгэнт шийджээ)

-- Яахав дээ. Би Обрад итгэдэг, Обра харин надад итгэдэггүй. Гэхдээ чамд бол итгэнэ. Би үүнийг гарцаагүй сайн мэдэх учраас хэлж байна. Минийхээр тэгээд чамаас өөр хэн бидэнд тусалж чадна гэж?

"Обра Кокород итгэдэг". Энэ үг Кокорог нааштай хандахад хүргэв. Этэрнал ч шаргуу зүтгэсээр ам өчгийг нь аваад нэг ажил дээр хамтарч ажиллах болов. Тэгээд бүүр хөлс мөнгөө урьдчилгаа болгон өгөж байна гээд цацсан 20000-тын дэвсгэртүүдээсээ нэлээдийг цуглуулж Кокород өгөв. Мэдээж өр ширээ бол дараа нь тусад нь өгж авалцана гэдгээ ч хэлэв.

Харин Кокоро Этэрналд мөнгийг нь үлдээчихээд маргааш ирж авна гээд явав.

Бүхэл бүтэн 4 жилийн турш халгаж хулгасаар байгаад эцэст нь нэг юм Этэрнал шийдвэрээ гаргалаа. Хайртай хайргүй ямар ч байсан хамаагүй урьдаар түүнийгээ олж уулзая. Дараа нь зүхэх, хайрлахын алин болохоо шийдье. Мэдээж түүндээ хүрэхийн урьдаар түүнд амжуулах жаал жуул ажил байгаа. Хэд хэдэн нуугдан тоглогчдыг олох ёстой. Дараа нь жинхэнэ том нуугдагч болох түүнийгээ олох ёстой.

"Би чам руу очиж явна аа, нуугдан тоглогч минь" гэж Этэрнал амандаа бувтнасан боловч тэр олон нуугдан тоглогчийн яг хэнийг нь хэлснээ өөрөө ч мэдсэнгүй. Гагцхүү эхлээд захиалагч хүүхнийг, дараа нь "чинийх"-ийг олно, тэгээд Харанхуйн хатан хаан (Darkness Queen)-ыхаа эрэлд мордоно гэдгээ л сайн мэдэж байв.

No comments:

Post a Comment

Note: Only a member of this blog may post a comment.